Тал еэвэн нь хаана байна гэхээр энэ байна гээд толгой эргүүлдэг шиг юм болоод байна, цаана чинь. Сонгуулийн хуулиудын шинэчлэл, улс төрийн намын тухай шинэчлэл бүхэлдээ өөрчлөлт хийж байж хөгжил яригдана. Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуулиа шинэчилчихээд Орон нутгийн сонгуулийн хуулиа хэвээр нь явуулна гэж байвал ёстой еэвэнгийн нөгөө тал гэдэг шиг үлгэр болох биз. Сонгогч олны санал гээгдээд байна, ард түмний төлөөллийг тэгш хангах ёстой гэсээр холимог тогтолцоог хуулиндаа оруулж ирсэн. УИХ-ын сонгуульд төлөөлөл хангагдах зарчим үйлчлээд харин орон нутагт энэ огт хамаагүй юм уу. Орон нутгийн хөгжил, орон нутгийн иргэдийн амьжиргаанд чухал нөлөөлөх энэ хуулийг бусад сонгууль, үйл ажиллагаануудтайгаа нийцүүлж байж урагшилна биз дээ. Орон нутагт амьдарч байгаа иргэд ядуу, харанхуй байвал саналыг нь сүлжээгээрээ худалдаж авч байхад илүү амар байна уу, улстөрчдөө. Аль болох мөнгөний сонгууль хийж, хөдөөний тэд жалга дов, баг сумаараа талцаад улстөржөөд харанхуй байх нь хэрэгтэй байна уу. УИХ-ын сонгуулийн зардлыг багасгах гээд А хөлтэй самбарыг больж, нэр дэвшигчид нэгдсэн самбар дээр сурталчилгаагаа хийхээр болсон. Харин орон нутагт энд тэнд зурагт самбар шивээлээд хуучнаараа сонгууль явагдах зүгээр үү. УИХ-ын сонгуулиар холимог тогтолцоогоор жагсаалтад эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэнцүү бичигдэж, тойрогт хүйсийн квотыг 30 хувь болгож нэмэгдүүлсэн дэвшилд хүрсэн. Орон нутгийн сонгуулиар одоо байгаа 20 хувь нь 30 байтугай 40 хувьд хүрэх нь тэгш төлөөлөл, шударга ёсонд нийцнэ гэсэн нь хөдлөхгүй юм уу. Өөрсдөө хуулийн хугацаанаад хуулиа батлаагүй байж, хугацаа тулчихлаа гээд хойш суух нь зөв юм уу. Шинэчлэл хаана байна гэхээр энэ байна гэчихээд тал еэвэн үзүүлээд суугаад байхаа болимоор байна. Шинэчилбэл шинэчилсэн шиг, хөгжвөл хөгжсөн шиг хөгжмөөр байна, хөгийн хэдэн суудлын тоо бодож суулгүй.