Оросын реалист утга зохиолд томоохон шинэчлэл хийсэн зохиолч, сэтгэгч, философич, нийтлэлч, сэтгүүлч Фёдор Михайлович Достоевский (1821-1881) амьд ахуйдаа тухайн цаг үеийнхнээсээ зохих үнэлгээг хүртээгүй. Харин таалал төгссөн хойноо Оросын утга зохиолын сонгодог хэмээн үнэлэгдсэн төдийгүй зохиол туурвил нь дэлхийн утга зохиолд, тэр дундаа олон зохиолчийн бүтээлд жинтэй нөлөөлсөн бөгөөд экзистенциализм, фрейдизмийг бүрэлдэн тогтоход ч зохих нөлөө үзүүлсэн гэж үздэг. Хамгийн гол бүтээлүүд болох “Гэм зэм” (1866), “Карамазовын хөвүүд” (1880), “Солиот” (1869), “Албингууд” (1872)-аас гадна таван роман, 20 гаруй тууж, өгүүллэг болон бусад олон бүтээл туурвижээ. Түүний бүтээлүүд дэлхийн 170 гаруй хэлнээ орчуулагдсан төдийгүй олон зохиолоор нь кино, жүжиг, бүжгийн жүжиг /балет/, дуурь тавигдсан.
Монгол хэлнээ түүний гол таван роман, мөн “Газар дороос бичсэн тэмдэглэл” зэрэг хэд хэдэн бүтээлийг Гадаад хэргийн сайд асан Цэрэнпилийн Гомбосүрэн орчуулсан.