Найруулагч С.Бямбаагийн шинэ бүтээл “Зогсоол” уран сайхны кино энэ сарын 11-нд дэлхийн нээлтээ 31 дахь удаагийн Бусаны олон улсын наадам дээр хийх гэж байна. Уг наадмын “Vision to Asia” уралдаант хэсэгт Азийн шилмэл 12 найруулагчийн бүтээл сонгогдон өрсөлдөх аж.
“Зогсоол” уран сайхны кино нь “Гуру Медиа” студи, Германы “Bucket GmbH филмз”, “АВО Films” болон “Номадиа Пикчерс”-ын хамтын бүтээл бөгөөд зураг авалтыг Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд хийжээ. Киноны үйл явдал Ковид цар тахлын анхны тохиолдол Монголд бүртгэгдсэн тухайн үед өрнөдөг. Алс бөглүү сумын төвийнхний бүх л амьдрал сумын цорын ганц шатахуун түгээх станцын эрхлэгч, өрх толгойлсон залуу бүсгүй Хандаагаас хамааралтай боловч энэ бүсгүйн амьдрал хэнээс, юунаас хамаарч байгааг киноны үйл явдлууд аажмаар нээн харуулах болно. Шатахуун тээврийн жолооч Сүмбэр цар тахлын ойрын хавьтагч болж улмаар сумын цор ганц шатахуун түгээх станц дээр хөл хорионд орох болсноор киноны үйл явдал өрнөнө. “Зогсоол” уран сайхны кино 2026 оны 11-р сард Монгол Улсад нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа аж.
Найруулагч С.Бямба өмнө нь “Алсын Удирдлага” бүтээлээрээ 2013 оны Бусаны олон улсын кино наадамд “New Currents Award”, 2014 онд Бухарестийн “ANONIMUL International Independent Film Festival”-ын Шилдэг бүрэн хэмжээний киноны шагнал-ыг хүртсэн бол “Хэвтрийн хүн” (2020) кино нь 2017 оны Каннын олон улсын кино наадмын “L’Atelier”-т сонгогдож, “Tallin IFF – Black Nights”, Three Continents, Зеркало – Андрей Тарковскийн нэрэмжит кино наадам, София IFF-2020, Барселона IFF-2021 зэрэг олон улсын наадамд сонгогдож байсан.
Ази тивийн хамгийн нэр хүндтэй кино наадам Бусаны олон улсын кино наадам энэ сарын 6-нд эхэлсэн бөгөөд Хятадын домогт найруулагч Жан Имоу шүүгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлэн ажиллаж байна. Бусаны наадам А зэрэглэлийн кино наадам болж, Канн, Венец, Берлиний олон улсын кино наадмуудтай эн зэрэгцэх статустай болсон нь энэ жилийн хувьд нэг онцлог нь болж байгаа аж.

