Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл 06 сарын 5-нд хуралдаж, нийслэлийн төсвийн тодотголын талаар хэлэлцлээ.
Энэ сарын 3-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барьсан.
Нийслэл энэ онд багтаан 500 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалах болсонтой холбогдуулан 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Тодруулбал, Монгол улсын Засгийн газрын тогтоол, Нийслэлийн ИТХ-ын тэмдэглэлээр “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн холбогдох төсөл арга хэмжээг Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх аж. Үүнд:
- Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх, Улаанбаатар хотын эрчим хүчний суурь хэрэглээг хангахад ₮300.0 тэрбум;
- Улаанбаатар хотын гол болон туслах, гудамж замуудын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, авто замын сүлжээг өргөтгөх шинэчлэх, засварлах ажилд ₮150.0 тэрбум ;
- Ариутгах бохир усны Туул-1 коллекторын байгууламжийн ажилд ₮40.0 тэрбум;
- Үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажилд ₮6.0 тэрбум;
- Андеррайтинг үйлчилгээний зардалд ₮4.0 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төсөлд тусгасан байна.
Нийслэлийн энэ жилийн төсвийн орлогыг хүлээгдэж буй гүйцэтгэл, орлого буурах болон давж биелэх бодит шалтгаан, нөхцөлийг тооцоолсны үндсэн дээр хотын шуудын төсвийн орлогыг 9.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр хотын төсвийн нийт орлогыг 1 их наяд 113.3 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн нийт орлогыг 3 их наяд 156,1 тэрбум төгрөг байхаар тооцжээ.
Төсвийн тодотголыг 2 үе шаттай хэлэлцэнэ. Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааныг энэ сарын 13-нд хуралдуулахаар товыг тогтоов. Мөн хуралдаанаар нийслэлийн төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийнэ.