Z-MAN Улс төрийн хураангуй…
-Спикер Д.Амарбаясгалан “Алив, аваад ир гээд” сууж байгаа биз ээ-
Цэндийн Нямдорж мэдэхийн дээдээр мэдэж байгаагаа “Тэгсэн байх аа…”, “Тэгсэн ээ дээ…” гэх байдлаар нийгмийг өдөөн улс төр хийдэгсэн. Гаажтай ч хийдэг байсан. Тэр хүмүүн эдүгээ гудамжинд өөрөө машинаа барьсан шиг гавьяаны амралтаа эдэлж байх шиг байна. Ц.Нямдорж амралтдаа гарах хүртлээ Л. Оюун-Эрдэнийн Засгийн гал тогоог барьж байгаад, Д.Амарбаясгаланд шилжүүлсэн. Л. Оюун-Эрдэнэ хоёр дахиа Ерөнхий сайд болоод эдүгээ түүний Засгийн гал тогоог Ням-Осорын Учрал барьж байна. Тэргүүлэх 14 төслийг эхлүүлнэ гэж энэ Засаг мэдэгдээд байгаа. Ц. Нямдоржийн өгүүлдэгчлэн Засгийн хэрэг эрхлэхийн дарга Н.Учрал тун саяхан “Францтай хийх ураны хөрөнгө оруулалтыг гэрээг Намрын чуулганд өргөн барина” гэчихсэн байх аа. Тэгсэн, эргэлзээгүй хэлсэн. Хоёр утгагүй нэг мөр хэлчихсэн. Энийгээ үнэхээр түргэлэх хэрэгтэй. Манай Ерөнхийлөгч өмнөх оны сүүлээр Францад очоод тун шаламгайлуулна гэчихсэн. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ч төд удалгүй бичиг захидал дайж манайхныг шавдуулсан. “Эрдэнэс Монгол”-ын С.Наранцогт бас ч ажиллаад, “ухнадаад” л энэ хүрэв бололтой. Н.Учралын хэлж байгаагаар Францын талтай зарчмын зөрүүтэй 200 саналд нэгдээд, эдүгээ тав зургаахан асуудал үлдсэн, түүн дээр манайхан саналаа илэрхийлчихсэн бололтой юм билээ. Монгол улс энэ гэрээгээ төгс хийж , олон улс, ард түмэндээ тайлагнах, харуулах хэрэгтэй. Улсын зээлжих зэрэглэл бас ч гэж овоо ахиж байх шиг байна. Том төслүүдээ үнэхээр хөдөлгөх нь зүйтэй. Үүнийг Улаанбадрах дахь Зөөвч-Овоо орд дээрээ нэн тод харуулах хэрэгтэй юм.
Манайхтай нэг цэг дээр уранд хөрөнгө оруулалт хийсэн Казахстан өнөөдөр дэлхийн тэргүүлэх тоглогч болоод, уран түүний үр өгөөжөөр улс нь баяжиж байна. Бид хоцорч ханалаа. Одоо харин нэхэх л хэрэгтэй. Оюу толгой төсөл дэлхийд Монголыг илэрхийлж байгаа нь тодорхой.
Гэвч энэ төсөл Монголд тийм ч ашигтай бус байгааг гишүүн С.Ганбаатар, даамч, математикч Ч.Бат-Эрдэнэ нарын сэхээтнүүд барим тавим баримтаар хэлдэг. Баталдаг. Үнэн нь ч тодорхой байдаг. Хэдий ийм ч Оюу толгой бидний зам болсон, чиг болсон. Олон улсын итгэлийн луужин болсон. Одоо харин монголчууд төгс гэрээг “Орона”-тай хийх хэрэгтэй юм. Монгол Улс эрчим хүчний үлэмж дутагдалтай, айлуудаас бадар барьсан хэвээр байна. Энэ улаан гэрэл дээр ураны хөрөнгө оруулалтын гэрээ ногоон гэрэл болох ёстой юм. 126 гишүүн гэдэг нь, хамтарсан Засгийн газар гэдэг нь чухам ийм эрх ашиг дээр л манлайлах, тунхаглах ёстой байх. Шидээ үзүүлээсэй.
Л. Оюун-Эрдэнэ, Н.Учрал хоёр “Орона”-тай хийх гэрээн дээр хэн болохоо чухам харуулах учиртай. Энэ цаг нэгэнт болсон. Намрын чуулган хэд гуравхан хоноод нээгдэнэ дээ. Спикер Д.Амарбаясгалан ханцуй шамлаад “Алив, аваад ир гээд” сууж байгаа биз ээ.