COP 17-гийн эргэн тойронд хүн бүр өөр өөрийнхөөрөө л дүгнэлтээ бичиж, магтах нь магтаж бас шүүмжлэх нь шүүмжилж байна. Зохион байгуулалт сайн болж байгааг, санхүүгийн хэдэн төгрөг босгох дээр хүлээлт тавьж, төвлөрөөд байна уг нь ийм юм биш юм байгаа ш дээ гэхчлэн сэтгэгдэл, хувь хүмүүсийн дүгнэлт хөвөрсөөр. Бас сүлбүүлсэн морины баримал гэж баахан оволзлоо. Зохион байгуулалтад зарцуулсан мөнгөний хяналт гэж цаашид ч явах байх.
Гэхдээ COP 17-гийн хамгийн гол үр өгөөж юу гээч. Энэ олон өдөр зөвхөн COP 17 гэж ярьж, уурлахдаа уурлаж, сонирхохдоо сонирхож, хэвлэлээр битүү явж байгаа мэдээллүүд үзэж, шууд чиглэлийн автобусанд сууж Ногоон бүсээр зочилсон, зурагтаар гарах шууд нэвтрүүлгүүдийг үзсэн тэр хүмүүсийн авч үлдэж байгаа мэдлэг мэдээлэл бол хамгийн чухал үр дүн юм. Системтэй мэдлэг, дэлхийн улс орнуудын сайн түүх, туршлагыг олж авна гэдэг хамгийн чухал. Зөвхөн хэлний мэдлэгээ илүү сайжруулах хүслээр сайн дурын ажилтан хийж, орчуулганд явсан тэр олон залууст үлдэж байгаа байгалиа хамгаалах сэтгэл, ухаан бол бидэнд ирж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм.
Орчуулга хийгээд зогсч байхдаа байгаль дэлхийг хайрлах тухай өгүүлсэн байгаль хамгаалагчийн бичсэн шүлгийг сонсоод уйлж байгаа орчуулагч охинд төрсөн тэр мэдрэмж хэчнээн олон залууст төрсөн бол оо? УИХ-ын гишүүдийг тэнд цуглараад хэлний мэдлэгээ гайхуулах гэлээ гэж шүүмжилж байгаа хүмүүс их байна. Тэд ажлаа хийсэн ч байж болно, хүмүүсийн хардаж байгаагаар хэлний мэдлэгээ гайхуулсан ч байг л дээ. Гэхдээ заримдаа байгаль хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг салбарыг мэддэггүйдээ алдаа мадагтай баталчих гээд байдаг тэр хүмүүс биеэр дэлхийн нийтийн хандлагыг мэдэрсэн гэдэг нь бидэнд ирэх сайн тал юм.
Үнэгүй автобусанд сууж Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж, гольфийн цагаан машинд хүүхдээ суулгангаа тэр COP 17 гэдгийг чинь сонирхоодохьё гэж ирсэн ээж, аавуудын авсан мэдлэг, бяцхан үрсийнх нь дурсамж ирээдүйд байгаль дэлхийдээ ээлтэй байх тэр мэдрэмж бол хамгийн юугаар ч үнэлэмгүй хөрөнгө оруулалт юм. Монгол Улсын Үндсэн хуулинд байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг гэж заасан байдаг. Харамсалтай нь, энэхүү журамт үүргээ ухамсарлаж мэддэг нь цөөн. Тэгвэл энэ хурал тэрхүү үүргээ мэдрэх томоохон арга хэмжээ болж байгаа билээ.

Ер нь байгальдаа хамгийн халгаатай байдаг хүчин зүйл бол хүн, бас хамгийн ихээр хамгаалж хайрлаж чадах нь бас хүн өөрөө. Монголчуудын уламжлалт байгаль дэлхийдээ ээлтэй, байгалиа хамгаалж хайрлаж чаддаг ухаан сүүлийн жилүүдэд хаягдаж, байгаль хамгаалах үйл явц бол хэдэн байгаль хамгаалагч, төр, иргэний нийгмийн байгууллагын ажил мэт бодох болсон билээ. Тэгвэл энэ удаад нүүр тулж очиж үзсэн хүмүүс, тэнд ажиллаж сонирхож очсон залуус, хэвлэлийнхэн гээд уг арга хэмжээнд бүхий л талаараа эрвийж дэрвийж оролцсон хүмүүс гээд маш олон талаасаа газрын доройтол, цөлжилт, манайд болоод дэлхийд тулгамдаад байгаа асуудлуудыг биечлэн сонслоо. Энэ бол хамгийн эхний COP 17-гийн өгөөж, үр дүн, хөрөнгө оруулалт юм шүү. Өдөр бүр маш сонирхолтой олон эвентүүд болж байгаа. Түүн дээр иргэд та нар ч оролцоорой, хүүхдүүдээ дагуулж заавал очоорой.
COP 17 бидэнд юу үлдээх вэ гэдэг дээр хэдэн асар, боловсон жорлон, хэрүүл тэмцэл, хувийн компаниудад оруулсан валют, санамж бичиг, талуудын хурлын түүхэнд усны өдрийг анхлан санаачилсан зэрэг бол удаахад бичигдэх асуудал. Иргэд нь мэдлэгээ дээшлүүлж, мэдрэмжээ нэмж, байгаль дэлхийн хамгаалагчид иргэд бид өөрсдөө шүү гэдгээ ойлгох нь хамгийн чухал. Өнөөдөр тулгамдаад байгаа асуудал юу гэдгээ ойлгож, өргөн уудам газар нутгийн маань 76 хувь газрын доройтолд, цөлжилтөд өртсөн гэдгээ мэдсэн нь хамгийн чухал. Мөн эндээс юуг хийвэл бас эс хийвэл чухал гэдгийг залуу үеийнхэн маань ойлгох нь нэн чухал нь билээ.
Э.ЭРЭЛ

