Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь (АДАПТ) төслийн баг Сүхбаатар аймагт 6-9-ний өдрүүдэд ажиллажээ. АДАПТ төслийн хүрээнд Дарьганга суманд гэхэд орон нутгийн хамтын санхүүжилттэйгээр 2022 онд булгийн эхийг хамгаалж, 2023 онд татмын ойжуулалт 30 га-д хийсэн бөгөөд худаг гаргасан юм. 2024 онд 4 га талбайд татмын ойжуулалт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа ажээ. Төслийн баг тус сумын Ганга нуурын орчмын 30 га газарт мод тарих ажилтай очиж танилцсан байна. Энэхүү ажлыг нутгийн иргэд хариуцан ажиллаж байгаа бөгөөд модны ургалт, усалгааны системийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа аж.
Хөөврийн булаг өмнө (2022) болон дараа нь (2024)
“Хөөврийн булаг”-ийн урсац малын хөлд дарагдан, усны ундарга нь татарч бохирдон, ширгэсэн байсан билээ. Харин энэ төслийн хүрээнд 2022 онд булгийн эхийг хашиж хамгаалснаар нэгхэн жилийн дотор үр дүн гарч булгийн ундарга сэргэсэн сайхан мэдээтэй нутгийн иргэд уулзав. Одоо Хөөврийн булаг нь бүр нуур тогтоон урсаж булгийг тойрон нутаглах 25 өрхийн 30 гаруй мянган мал, амьтад ундаалж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг малчид, нутгийн иргэдтэйгээ хамтран ажиллахад ийм сайхан үр дүн гарч байна.