“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд энэ сарын /2025.04.10/ пүрэв гарагт хэлэлцэхээр товложээ.
Өнгөрөгч онд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг удирдан нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж гаргасан байдаг.
Харин 2023 оны арванхоёрдугаар сард урьдчилсан хэлэлцүүлгийн хурал хийгээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж гаргасан. Улмаар яллагдагч, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг нарт холбогдох хэргийг тусгаарласныг хууль бус, хэргийн бодит байдлыг тогтооход саад болсон гэж үзсэн.
Үүнийг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж үзээд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Ингэхэд, уг шүүгч дахин өөр үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр болоод буйг прокурорууд эсэргүүцэн дээд шатны шүүхэд хандсаныг ийн хэлэлцэхээр болжээ.
Д.Эрдэнэбилэгийг гурван үйлдвэрийг хууль бусаар авсан талаар долоон жилийн турш яригдаж, Засгийн газар тэдний мөнгө хүүлсэн, угаасан схемийг ээлж дараалан танилцуулсаар ирсэн билээ. Гэвч түүнийг хоёр удаа сүр дуулиантайгаар цагдан хориод сулласнаар өөрөөр яллаж чадалгүй өдий хүрэв.
Түүний хувьд эрүүл мэндийн шалтгаанаар гадаадад буй. Гадагшаа гарахдаа барьцаа болгож тавьсан гурван тэрбумыг нь улсын орлого болгож, шүүх түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч байлаа.
Уг хэргийг эргэн сануулахад, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс корпорац” ХХК-д, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан гэх хэрэгт 2012-2016 оны Засгийн газрын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаад Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон Д.Сугар, Ц.Нанзаддорж нарыг яллагдагчаар татсан байдаг.


