Малчид бол монгол уламжлал, соёлын өв тээгчид. Уудам дэлгэр газар нутгийнхаа өнцөг булан бүрийг эзэнтэй байлгаж, уламжлалт нүүдэлчин соёл, аж ахуйгаа өвлөн хадгалж явах үүргийг хэнд ч юунд ч ацаглалгүйгээр гүйцэтгэж ирсэн. Сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлт тэдэнд улам хатуу сорил болж байгаа. Тэр дундаа сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд бүр хүнд байх нь тодорхой. Бие даан мал малладаг сонсголгүй малчин 25-29 орчим өрх айл байна гэх судалгаа бий.

Иймд мал малладаг сонсголгүй малчин хүн хэрхэн байгаль дэлхийтэй болон бусад хүн ардтай харилцаж, дасан зохицож амьдарч буй талаар харуулахыг SDY Mongolia холбооноос зорин ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс урган гарч буй аливаа эрсдэлд малчид нийтээрээ өртдөг ч сонсголгүй малчдын хувьд энэ талын мэдээлэл хомс байдаг тул яагаад байгальд амьдрахад хүнд болж, сонголт хийхэд тулж байгаа учир шалтгаанаа ойлгодоггүй.
Тиймээс Социал демократ Монголын залуучуудын холбоо SDY Mongolia сонсголын бэрхшээлтэй малчдын аж амьдрал, тулгамдаж буй асуудлыг цогцоор нь харуулах хүрээнд “DEAF NOMADS” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд мал малладаг сонсголгүй малчин хүн хэрхэн байгаль дэлхийтэйгээ болон хүн ардтай хэрхэн харилцаж, дасан зохицож амьдарч буй талаар харуулсан баримтат кино бүтээж, НҮБ-ын Ази Номхон далайн орнуудын 2025 оны Тогтвортой хөгжлийн зөвлөгөөний үеэр толилуулсан байна.