Монголчууд өөрийн унаган нутгийн амьтан тахьгүй болсон цаг олон жилийн өмнө. Гэхдээ гадаад орноос эргүүлэн авчирч, дахин язгуур нутагт нь залан байршуулсан нь саяхны түүх. Энэ бол манай улс дэлхийд ховордсон байгалийн гайхамшигт өвийн нэгэн зүйлийг бусдаас бадар болгон авчирсан түүх. Өөрийнхөө хөөргийг үрэн таран хийчихээд, үгүйлэхээрээ, үгүйрэхээрээ бусдаас дахин авч байна аа л гэсэн үг. Нөгөө талаар Чех, Голландад монгол тахийг нутагшуулаад, соёлт Европынхон ертөнцийн тэр гайхамшигт амьтныг аварч үлдээгээд буцаан Монголд өгсөн нь гарцаагүй иргэншиж тэргүүлсэн, энэ дэлхий, нутаг оронд хайртай хүн төрөлхтний нинжин сэтгэл, өгөөмөр үйл билээ.Энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай оронтой гүн дотно харилцаат Чех улсад айлчилж байна. Айлчлалын агуулга маш олон талт дэвшил ахицыг ханган, түншлэл иж бүрэн болж байгаагийн дотор нэгэн чухал мэдээ байгаа нь нэн олзуурхууштай байна. Юу гэвэл, иж бүрэн түншлэлийн агуулга тунхагласан мэдээлэл дотор,“Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх, Чехийн талаас Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нарын гарын үсэг зурлаа.

Чех Улстай дэлхийд нэн ховордсон хавтгай тэмээг хамгаалах, экосистемийг нь хадгалан үлдэх хамтын ажиллагаа эхэллээ. Чех Улс тахь сэргээн нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай. Энэ удаа олон улсын эрдэмтэн, судлаачдыг оролцуулан хавтгай тэмээг хамгаалах ажлыг өргөжүүлэн, тоо толгойг тогтвортой хадгалах, амьдрах орчны экосистемийн судалгааг эрчимжүүлэх, хамгааллын төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах, үр нөлөөг хамтран сайжруулахаар болов” хэмээсэн өгүүлбэрүүд багтан дурайсан нь алтан үсгээр бичигдэх үйл явдал болж байна. Хавтгай тэмээг хамгаалах, экосистемийг хамгаалах, хавтгайн тоо толгойг өсгөх, тоо толгойг тогтвортой хадгалах гээд гарцаагүй хүлээгдсэн асуудлууд ажил хэрэг болохоор багтсан үнэхээр түүхэн үйл явдал юм. Засгийн газар Нарансэвстэйд боомт нээнэ гэж Говийн их дархан газарт заналхийлсэн заалтаа хөтөлбөрөөсөө хасаагүй байгаа энэ үед ийнхүү дэлхийн өмнө Алтайн өвөр говь, хавтгай тэмээг хамгаалах үнэмлэхүй шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх айлчлалынхаа хүрээнд ухаалгаар гаргуулж чадсан нь үнэхээр талархалтай. Чех бол дэлхийд амьтны хүрээлэн, амьтан хайрлах, дэлхийн өвийг хамгаалах гайхам туршлагатай, ачтай үйлстэй улс орон билээ. Ингэж их говийн хавтгай тэмээ дэлхийн өмнө хамгаалагдсаныг Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн айлчлал тунхаглаж байна. Бас дэлхийд цор ганц мазаалайг Үндэсний бахархалт амьтан болгох санаачилгыг төрийн тэргүүн гаргаж байсан. Хавтгай дэлхийн хоёрхон оронд, мазаалай ганцхан манай улсад байдаг амьтад. Тахийг өөрсдөө устгачихаад Чехээс авч ирээд эргэн суурьшуулсан шиг боломж дахин тохиох боломжгүй учраас байгаа дээр нь хамгаалах ёстойг төрийн тэргүүн айлчлалаараа анхаарууллаа.
Z man