Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази, Номхон далайн бүс нутгийн форумыг угтан иргэний нийгмийн байгууллагуудын урьдчилсан хэлэлцүүлгийг Монголын Эмнести Интернэшнл, Хүний эрх хөгжил төв, Монголын Хүний эрхийн форум, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ хамтран Монголын Эмэгтэйчүүдийн сан, Ахмад настны эрхийн төлөөх дэлхийн холбоо (GAROP)-ны дэмжлэгтэйгээр өнөөдөр буюу 6 дугаар сарын 18-нд амжилттай зохион байгуулагжээ.

Уулзалтын гол зорилго нь ахмад настны эрхийг хамгаалах олон улсын конвенцыг боловсруулах, үүнтэй холбоотой олон улсын конвенцын зорилго, ач холбогдлыг олон нийтэд танилцуулах, ахмад настны эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, иргэний нийгмийн байгууллагууд санал бодлоо солилцох, ирээдүйн хэлэлцүүлэгт үр дүнтэй оролцох мэдлэг, сүлжээ, хамтын ажиллагааны үндсийг бий болгох юм.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ахмад настны эрхийг хамгаалах олон улсын, хууль эрх зүйн хүчинтэй конвенцын төслийг боловсруулах зорилгоор засгийн газар хоорондын ажлын хэсгийг байгуулах шийдвэрийг 2025 оны 4 дүгээр сарын 3-нд гаргасан байдаг. Гэвч дэлхий нийт болон Монгол Улсад ахмад настнуудын хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл зэрэг асуудлыг ул суурьтай, бодлогын хүрээнд авч үзэж, ярилцаж буй туршлага сул хэвээр байна. Ахмад настны асуудлын хүрээнд бодит судалгаа, дата мэдээлэл дутмаг байгаа нь тэдний өмнө тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд саад учруулахын зэрэгцээ хүйс, нас, үндэс угсаа, газарзүйн байршил зэрэг огтлолцсон олон асуудлыг орхигдуулах нөхцлийг бүрдүүлж байна.


Уулзалтад Австралийн холбооны улс, Бүгд найрамдах Солонгос улс болон Монгол улсын иргэний нийгмийн байгууллагууд,Ахмадын байгууллага, их, дээд сургуулийн профессор, багш нар болон Ахмадад ээлтэй хөтөлбөр хэрэгжүүлдэг хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, ахмад настны эрхийг хамгаалах олон улсын конвенцын төслийг дэмжин батлуулахад Монголын Иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг зураглан ирээдүйн хэлэлцээрт үр дүнтэй оролцох мэдлэг, туршлагаа хуваалцаж, цаашдын алхмыг тодорхойллоо.




