Z man ингэж өгүүлэв
Ямарваа хүн аливаа барьцаалалгүй оршиж байж эрх чөлөөгөө эдэлнэ. Энэ нь улс төрд хамгийн чухал үзүүлэлт болдог. Монголын улстөрчид харин нэгнээ барьцаалах, хянах, мөчлөн үгтээх байдлаараа гойд цолгорсон гэдгийг монголчууд мэддэг. Үүний жишээ нь, улстөрчдийн хутгалдсан, орооцолдсон хулгай луйврын хэргүүд цаг үеийн сэдэв болж хэсэгтээ шуугиад, тэгсгээд намждаг үргэлжлэлээс тов тод ойлгогдоно. Маш олон жишээ хэлж болно. Сүүлийн жишээ гэхэд, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ суга дүүрэн баримт АТГ-д аваачиж өгснийг нэрлэлтэй. Тэрбээр “Бодь” оффтейк гэрээ хийсний үдэш 110 сая ам.долларыг улстөрчид саун, буудал, машины зогсоолд хуваан авцгаасан хэмээн мэдэгдсэн ч эдүгээ болтол АТГ энэ талаар дуугарсангүй, ер тэгээд энэ асуудал мартагдах төлөвтэй. Энэ бол улстөрчдийн барьцаалал үлэмж төгс үргэлжилсээр байгааг л илтгэнэ. Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлаар, хэргээр баримт мөшгөсний хувьд цаана нь гарч л салах ёстой. Түүний хэн байх нь энэ асуудлаас бүрнээ хамаарна. Монголын улстөрчдийн идлэг, уулга, хээл хахууль үнэндээ замаа алдсан бөгөөд чухамхүү эдгээр булхайт үйлээрээ нэгнээ барьцаалан, зусардан, худалдагдан, үнэ цэнэгүйдэн оршсоор байгаа нь илхэн билээ. Үүнийг өнөөгийн Монголын иргэдийн амьдралын чанар, оюун санаа, үйл хэргийн багцаагаар бүрнээ харчих боломжтой. МАН сүүлийн он жилүүдэд эрхшээн төрийг барьсан ч эдүгээ УИХ дахь бүлэг нь яг голоороо цуурчихсан, хагарчихсан байгаа нь үнэн юм. Энэ хагарал ч идлэг уулгын барьцаалал, эрх мэдлийн хуваарлилтаас үүдэлтэй. 2016 оны сонгуульд ялсан Миеэгомбын Энхболд даргатай МАН-ыг төд удалгүй У.Хүрэлсүх, Л. Оюун-Эрдэнэ нар эрхшээн эзэлсэн бөгөөд эдүгээ уг нам гурван сонгуульд дараалан ялсан “гавьяатай” ч, иргэд ардын дунд “шүүхийн дуудлагатай” цаг нөхцөөж байгаа нь үнэн билээ. Ирэх оны сонгуулиудад эл намд сонгогчид сайн дүн тавих нь маш эргэлзээтэй. Яг энэ цаг үед МАН сүүлийн сонгуулиас хойш гурав дахь Ерөнхий сайдтайгаа явна. Ямар ч муу зүйл тохиолдсон сайн тал руугаа л явж байдаг гэдэг гэнэн үзэл санааны угаас үзвэл Ардын намын өнөөдрийн дарга Н.Учрал байгаа нь сайн тал руугаа гэж харахын уг сурвалж болох талтай. Тэрбээр эхэнд өгүүлсэнчлэн, аливаа барьцаанд, нэн ялангуяа идлэг уулгаас үүдэлтэй барьцаанд ороогүй гэдэг нь түүний бүх баялаг, үнэт зүйл нь болно. Хамгийн наанадаж Ардын намын өнгөн дээр тендэр гулгуулсан хэн ч түүний өмнөөс эгц ширтэх боломжгүй. Ингэж хатуу хэлж, анхааруулж байгаа нь Н.Учралын хамгийн том давуу тал. Ёс зүй, үнэт зүйл, эрхэмлэх зарчим бол Ардын намын өлсгөлөн болсон доо. Энэ өлсгөлөнг өөрчлөх боломжийг Н.Учрал алдаж болохгүй. Тэгж гэмээнэ гурван сонгууль ялж, нэр хүндийн асуудалд ороод байгаа, ороод гэж өөрсдөө оруулаад байгаа энэ цаг үед дараагийн сонгуульд өрсөлдөх нүүртэй байна гэсэн үг. Энэ бүхнийг тооцоолсондоо тэр Ардын нам иргэддээ эргэн ирнэ гэж хэлсэн биз. Энгэр дүүрэн Сүхбаатарын одон шаглаад, эхнэр, хүүхэд гэр бүлээрээ УИХ, Засаг, Элчин яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар эзлээд байгаа Ардын намын тэжээвэрүүдийнхээ ёс зүй, гудиг, цадигийг Н.Учрал өөрчлөх хэрэгтэй. Тэгж байж намынх нь хувь заяа шийдэгдэнэ.
Z MAN


