Өмнөд Солонгосын Бусан хотод баригдаж буй “Banyan Tree” зочид буудалд өнөөдөр өглөөний 10:50 цагийн орчимд гал гарчээ. Галын улмаас зургаан ажилчин нас барж, долоон хүн шархаджээ. Гал түймэр барилгын нэгдүгээр давхрын усан бассейны ойролцоо хурааж тавьсан материалаас болж гарсан аж. Барилга дотор гацсан хүмүүсийг гал сөнөөгчид нисдэг тэргээр аварсан ч гэлээ зургаан хүн харамсалтайгаар амиа алдав. Мөн албаныхан 14 хүнийг дээврийн хэсгээс аварч, 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Амиа алдсан хүний тоо нэмэгдэж магадгүй тул эрх баригчид гал түймрийн түвшинг гурван шатлалт системийн хоёрдугаар түвшинд хүргэжээ.
Гал сөнөөгчид одоогоор барилгын дотор талд эрэн хайх ажиллагаа явуулж, чухам хэчнээн хүн байсныг цагдаа болон орон нутгийн засаг захиргаа тогтоохоор ажиллаж байна. Гал гарах үед олон зуун ажилчин талбайн ойролцоо байжээ.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Санг Мок аврах ажиллагаанд туслахын тулд бүх боловсон хүчин, техник хэрэгслийг дайчлахыг үүрэг болгов. Тэрбээр “Гал сөнөөгчдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, аливаа хохирол амсахаас урьдчилан сэргийлэхийн тулд эрэн хайх, аврах ажиллагааг сайтар явуулна” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP