Говийн Их дархан цаазат газарт Нарансэвстэйн боомт нээх зайлшгүй шаардлагатай талаар Засгийн газрын гишүүн, Боомтын сэргэлтийн хорооны дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, О.Амгаланбаатар нар ярих болоод удсан билээ. Тэд Шивээхүрэнгийн боомт нь Өвөрмонголын өөртөө засах оронтой, Бургастайн боомт нь Шинжаан Уйгарын өөртөө засах оронтой хиллэдэг. Харин яг хан үндэстний Ганьсу мужтай шууд холбогдох нь чухал байна. Энэ нь эдийн засгийн хувьд Хятаддаа хамгийн өндөр хөгжилтэй гайхалтай муж. Ингэснээр баруун бүсийн Замын-Үүд тэнд бий болох боломжтой гэж ярих болсон билээ. Эдийн засгийн ач холбогдлоо бодохоор тэнд байгаль сүйдэх нь хамаагүй юм шиг санагдтал тэд ярьсан. Гэвч тэд ямар ч үндэслэлгүй, эдийн засгийн тооцооллоор ч амьдралаас худал зүйл ярьж байсан нь батлагдаж байна.
ХААИС-ийн Хөдөө аж ахуй, хэрэглээний эдийн засгийн тэнхмийн дэд профессор , Доктор (Ph.D), Г.Ганзориг энэ боомт нээгдэх тал дээрийн эдийн засгийн хувьд ямар холбогдолтой талаар зарим нэг харьцуулалт, судалгааг хийжээ.

Түүний судалгаанд дурдснаар Ганьсу муж нь ДНБ-ий үзүүлэлтээр БНХАУ-ын 31 мужаас 31-т жагсдаг, хамгийн ядуу мужийн нэг ажээ. Ядуурлын үндсэн шалтгаанууд нь усны хомсдол, байгалийн баялгийн хомсдол, боловсролын түвшин доогуур, хүн амын эрүүл мэндийн түвшин тааруу, хөдөлмөрийн нөөцийн ашиглалт сул гэгддэг байна. Угаасаа эдийн засаг дорой, ажлын байр хомсоос болж бусад мужууд руугаа шилжилт хөдөлгөөн маш их байдаг байна. Тэр дундаа ӨМӨЗО, ШУӨЗО-руу Ганьсу мужийнхан ажил олж хийхээр явдаг байна. Нөгөө хоёр мужийн хувьд ДНБ-ий үзүүлэлтээр Өвөрмонгол найм, Шинжаан Уйгар 16-т жагсдаг байна. Харин Ганьсу 31-т жагсдаг.

Ганьсу мужийг дээрх хоёр мужтай харьцуулахад эдийн засаг бүх салбарт сул хөгжсөн, аж үйлдвэр нь ӨМӨЗО-той харьцуулахад 3 дахин, ШУӨЗО-той харьцуулахад 2 дахин сул гэдгийг судалгаанд дурджээ. Тус мужийн голлох эдийн засаг нь уул уурхай, аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, ой, загас, аж үйлдвэр барилга гэдэг юм байна. Манайхны тэндээс сонирхох салбар тааруу хөгжжээ. Харин манайхны борлуулах зүйл мөн тэдний үйлдвэрлэж гаргадаг бүтээгдэхүүнтэй дөхүү учраас харилцан ашигтай хамтрах боломж хомс гэдэг нь харагдаж байгаа юм. Тэнд ажилгүй хүмүүс олон учраас сүүлийн яригдаад байгаа квотгүй ажиллах хүчин болж ирэх магадлал харин байж болох талтай.

Эдийн засгийн тооцоолол бүхий уг судалгаагаар Алтай хотоос Бургастай хүртэл одоо байгаа 50 км замаас гадна 270 км зам барихад 540 тэрбум төгрөг зарцуулах бол Алтай хотоос Нарансэвстэйн боомт хүртэл 640 км замыг 1.3 их наяд төгрөгөөр барих нь гэсэн энгийн тооцоолол байгаа аж. Бас энэ хэмжээний замыг барихад 10 жил зарцуулах бөгөөд байгаль орчны хохирол асар өндөр болохоор байна.
Түмэн олны төлөөлөл болж УИХ-д сонгогдон гишүүд ямар ч үндэслэл нотолгоо байхгүйгээр худал мэдээллийг нүд ч цавчихгүй үнэн болгож ярьдаг байдлын нотолгоо дархан цаазат газарт боомт нээх гэж улайрч байгаа энэ байдлаар маш тодорхой болж байна. Байгаль орчны асар их хохирол, хор хөнөөлийг эрдэмтэн судлаачид баримтаар нотлон хэлсэн бол улстөрчдийн хэлээд байгаа эдийн засгийн ашиг, үр өгөөж огтхон ч байхгүйг дараагийн эрдэмтэн судлаачид нотлоод эхэллээ.
Боомт нээж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхийг эсэргүүцээгүй харин байгаль орчиндоо халтай, дэлхийд ховорт тооцогдох говийн экосистемээ сүйтгэж, ховор амьтдыг сүйрүүлэхгүй байх ёстойг эрдэмтэд, орон нутгийн иргэд сануулсаар ирсэн билээ. Тэгвэл улстөрчдийн хэлээд байгаа эдийн засгийн ашигтай гэдэг нь ийнхүү худал болох нь батлагдлаа.