Улс төрийн хураангуй
П.Цагаан цагаан биш хүн байж болно. Улааны талын хүн ч байх. Капиталийн. “Нүд улаан, мөнгө цагаан” гээд л ярьдаг. П.Цагааны цагаан талыг нь харах хэрэгтэй юм, Монгол.
Нүд улаан боловч, цагаан мөнгө үгүйн үед П. Цагаан мөнгө босгоод, хөрөнгө оруулалт хийгээд “Ачит ихт”-ийг босгосон нь үнэн юм. Ингэж явахдаа, улаан, цагаандаа гарсан юм хийсэн эсэхийг нарийн сайн мэдэхгүй юм. Гэхдээ катодын зэс гаргадаг, боловсруулдаг үйлдвэр барьсан нь улаан үнэн. Тэр тусмаа хаягдал, агуулга бага хүдрийн овоолгоос. Чухам энэ талаас нь харахаар П.Цагаан улаан хүдрийг цагаан мөнгө болгосон үйлдвэрлэгч, зэс бий болгосон ногоон мөнгөтөн. П. Цагаанд мөнгө босгож, тийм үйлдвэр барьсан нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хэлдэгчлэн тийм амар байгаагүй байх. Харин барьсны нь дараа амар байснаар хардаг олон хүн гарч ирсэн байх. Тэд бол П.Цагааныг цагаан мөнгөөр үйлдвэр босгосон, улаан тархиараа ажилласан гэж нэг их хардаггүй байх. Тийм ч учраас П.Цагаанд бишгүй олон улаантан, шударга ёс үсэргэсэн цагаантнууд гарч ирсэн байх. Баялгийн сан, төрийн эзэмших хувь гээд хууль тогтоосон нь нэгэнт төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэр. Олноороо хэлэлцээд гаргачихсан хууль. П.Цагаан гуай эрх зүйт төрөөсөө, түмний төлөөх Засгийнхаа өмнө нүгэлтэй буруутан байхааргүй ач гавьяатны хувьд Монголдоо ирээд асуудлаа яриад, гаргалгаа гаргах нь зөв байх. Төр төмөр нүүрлээд, П.Цагаан гомдоллон цагаачилсаар яваад байгаагийн сайн үр дүн үгүй. Үйлдвэр лацтай хэвтээд байх нь улсын сан хөмрөгөд ашиггүй. П.Цагаан гэдэг үйлдвэрлэгчид ч тусгүй. П.Цагааныг Сингапурт барьлаа гэх мэдээ хэнд хэрэгтэй юм бол. Муу ч үгүй П.Цагаанд хөрөнгө оруулсан гадаад тал харж л байгаа байх. Том агуулгаараа Монголд хөрөнгө оруулахыг бодогч олон. Энэ үүднээсээ бол П.Цагааныг барьж, шонд өлгөх Монголыг л базаахгүй харагдуулна. П.Цагааныг барьж, баалж нэгэндээ таашаал өгөх гэсэн хүмүүс бол томоороо улсдаа л таагүй юм хийж байгаа хэрэг. П.Цагаан бол харин тэгж бусдын таашаал авах далим бололгүй Монголдоо ирээд асуудлаа шийдэх хэрэгтэй юм. Сахал Д.Эрдэнэбилэг гэдэг хүн Сингапурт дөлөн одоод удаж байна. Засгийн бас нэг “өстөн”, өмчийн маргаантан. П. Цагааныг Сингапурт саатуулсан гэдэг нь ч Засагтай заалдагсад Сингапурт бөөгнөрч байгаа гэх цаад далдын илэрхийлэл агуулж буй.
Энэ бүхэн бүгдээр Монголын хөрөнгө оруулалтад, эерэг тийш явж байгаа үзүүлэлтүүдэд сөрөг. “Зөөвч овоо” нэн урагштай байна. Нийтээр ам муугүй. Энэ үед П.Цагааныг харлуулах үйлдлийн цаана Монголд ашиггүй л зорилго байгаа. Пунцагийн Цагаан ч улаан нүүрээрээ уулзаад, цагаан мөрөөрөө Засаг төртэйгээ зөвшчих хэрэгтэй дээ. Монголынхоо гадаад салхинд тустай юм. Чойжоо сайдын “дотоодын салхинд” бус.
Z MAN