Улс төрийн хураангуй….
Нэг их тулгаад ч байгаа юм байхгүй л дээ гэж Б.Чойжилсүрэн сайд хэлнэ билээ. Тэрбум гурван саяын өртөгтэй хойт хөршийн манайд “халамжлан” буй бүтээн байгуулалтын тухай яриа л даа. Үүнийг олон гишүүн хэлж байгаа юм. Одонгийн Цогтгэрэл яагаад заавал Орос гэж, тэгээд ийм утгагүй өндөр үнээр гээд эгдүүцэж байна лээ. Жуковын Алдаржавхлан болбоос, нэг машиныхаа дизайныг өөрчлөхгүй жаран жил болж байгаа улсад дэвшилтэт технологи байгаа юу гэж ам асуусан бол гишүүн С.Цэнгүүн энэ бол хөршдөө хайргүйн, сайн харилцаагүйн илэрхийлэл гэж. Энэ бүх үг ортой. Өнөөдөр “Зөөвч овоо” төсөл дээр монголчууд боломжийн нүүж байх шиг байна. Оюу толгой дээр гаргасан алдааг гаргахгүй юм шүү гэсэн мачийлт бас ч гэж хууль тогтоогч бүрт байх шиг байна.


Барагтаа сайн үг амнаас нь гардаггүй Б.Энхбаяр гэхэд Засгийн хэрэг эрхлэгч Н.Учралд талархал дэвшүүлж, анхны хувилбараас илт сайжрууллаа гэсэн байна билээ. Н.Учрал ч хэлээд байна. Санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэж байна, бас 5,2 тэрбум долларыг эрсдэлгүйгээр төвлөрүүлнэ гээд хэлсэн байна билээ. Юутай ч энэ төсөл нийт агуулгаараа эвтэй болж байгаа төлөвтэй. Гэхдээ л, тэр эдийн засагч Намжаагийн Дашзэвэг “Учрал аа, ингэхгүй ээ, гэрээ ийм бус аа “ гэх маягтай байгааг бодолцох л учиртай. “Зөөвч овоо” төсөл дээр ац шийдэл бас хүлээгдэж байх шиг байна. 34 хувиа эзэмших үү, давуу эрхийн 10 хувийн хувьцаагаа эзэмших үү гээд нарийн ярих, ухаан уралдуулах шийдэл хүлээлт байна. Нэг үеэ бодвол, УИХ бас гэж эх оронч хандлагатай байх шиг байна. Л. Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд хэлж байна лээ. Төслийг гацаагчид, гадны тусгай албад гээд. Монголын алдартай төсөл гачаагчид гээд хэвлэлээр бичээд л байна. Х.Батулга, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Л. Хүрэлбаатар гээд нэрлээд л өнөөдөр хэвлэсэн харагдана. Ер нь Монгол ингэж, ус тосоо гарцаагүй ялгах ёстой. Б.Энхбаяр гишүүн хэн алтчин, хэн нүүрсчнээ хэл, Ерөнхий сайд аа гэж. Зөв шүү дээ. Ямар ч эргэлзээгүй. Л.Оюун-Эрдэнэ шууд зарлах л ёстой. Эдийн засгийн байнгын хороог төрийн ордны 461 гэдэг тоот өрөөнөөс цэрвэдэг, холуур алхдаг, зэргэлдээ байхаас зугтдаг Р.Сэддорж гэж хүн даргалж байгаа. Та бол нүүрсчин, яллагдагч, сэжигтэн пайзтай хүн. Аль дээрээ хаягтай явж байна, та ингээд хурал даргалж болж байна уу гээд Б.Энхбаяр улалзуулж байна. Зарчим. Зөв. Р.Сэддорж дуугүй л сууж байна. Дуутай байх ёстой юм л даа. Няцаах эрхтэй, няцаагдахгүй нэр төртэй байж тунд суух ёстойг сануулж байгаа Б.Энхбаярын зөв. Б.Энхбаяр стратегийн ордод хувь эзэмшиж байгаа хүн ч энэ дотор сууж байгаа гэдэг алдарт үгээ давтаж л байна лээ.


Манай УИХ, Засгийн гэдэс дотор иймэрхүү л өнгө төрхтэй байгаа. Босоо хэмээх С.Ганбаатар цариг гэж гаслахаа больё оо гэж. Гаслахаас аргагүйг анд нөхөд нь хийсэн л дээ. Арван найман их наядын алдагдалд гаслахгүй хэмжээнд Монгол томорсон уу, бойжсонсон билүү гээд С.Ганбаатар, Ц.Туваан нараас асуух хэрэгтэй. Х.Баттулгаас асуух хэрэгтэй. Утаа униар, тог таслалтаас асуух хэрэгтэй, С.Ганбаатар. С.Ганбаатар УИХ-д гурван удаа суухдаа юуг бүтээв, ямар гарт баригдах бүтээн байгуулалт бүхий үйл ажиллагааг биежүүлэв гэдгийг Ц.Даваасүрэнтэйгээ суугаад ярьж, өөрөөсөө ч асуух л хэрэгтэй. Юутай ч Монголын улс төр, парламент, Засгийн газар яг энэ өдрүүдэд эх оронч төлөвтэй байна. Энэ л өнгөн дээрээ хэн жинхэнэ эх оронч, хэн нь уруудуулан унагагч гэдгийг нэн тодорхой зарлаасай. Л.Оюун-Эрдэнийн өнгөн дээр жинхэнэ урагшилж байна гэдэг пи ар маш их. Бас ч ортой. Гэвч хийх л ёстой ажил нь биз дээ. Тэгж л улс төрд гарч ирж, ирэх, байх, явах цаг зарласан биз. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ одоо ачирхах хэрэггүй. Зүгээр л хийх, ажиллах ёстой юм. Л.Оюун-Эрдэнэ “Зөөвч овоо”, Ганц мод Гашуун сухайтын төмөр зам холболт хоёрыг жинхэнэ утгаараа шийдчихбэл, түүний байх байхгүйн, явах явахгүйн тухай асуудлыг ард түмэн аяндаа шийдээд өгнө.
Z MAN