Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр (2024.11.22) Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-Шалтаг бүү тооч” уриан дор аяныг үндэсний хэмжээнд албан ёсоор эхлүүлж байгааг зарлалаа.
Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд тохиодог бөгөөд манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс анх энэхүү аяныг зохион байгуулан эхлүүлж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд уг санаачилгад нэгдэж Монгол улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээж байгаа билээ.
Өнөөдрийн аяны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул, ХГБХХЕГ-ын дарга Т.Ихтамир, ХЭҮТ-ийн хөтөлбөрийн менежер С.Байгалмаа нар оролцон үг хэлж, аянд нэгдэж буйгаа илэрхийллээ.
Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр 2024 оны эхний 9 сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоо 4.5%, (22 байсан бол 23 болсон) хүнд гэмт хэрэг 20.2% (109 байсан бол 131 болсон), зөрчлийн тоо 24.3%-иар (7,517 байсан бол 9,343 болсон) тус тус өссөн үзүүлэлттэй байна. 2024 оны 1-9 сарын хугацаанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 37 нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байруудаас эрүүл мэнд, хамгаалал, нийгэм, сэтгэлзүйн зэрэг нэн шаардлагатай тусламж үйлчилгээг 3041 үйлчүүлэгч авсан өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12% (2,730 байсан) өссөн байна. Эдгээрийн 736 насанд хүрсэн эмэгтэйчүүд, 145 насанд хүрсэн эрэгтэйчүүд, 1231 охид болон 929 хөвгүүд эзэлж байна.
2024 оны дэлхий нийтийн дэвшүүлж буй уриа нь “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход нэгдье” бөгөөд Монгол Улс “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-Шалтаг бүү тооч” нэрийн дор аяныг зохион байгуулж байна.
Тиймээс дараах уриалгыг дэвшүүлж байгаа юм.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл
Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв ТББ / National Center Against Violence NGO