Улс төрийн хураангуй…..
Спикер Д. Амарбаясгалангийн аппаратынхан их л ажилтай байгаа бололтой. Дөрвөн даргатай Тамгын газрын нь нэг орлогч Э.Лхагва гэдэг хүн боловсролын байгууллагынханд учир хачин нэг чиглэл илгээж. Төрийн бичгийн даргад гэсэн байна билээ. Нарийн гэдэг үгийг хэрэггүй гэж үзсэн. бололтой. Их хурлын дарга урьд өмнө байгаагүй нүсэр бүтцээр Тамгын газраа бэхжүүлсэн. 126 гишүүнтэй болсон тул тэгэх учиртай мэтээр ойлгуулсан. Нүсэр бүтцээр ажиллаад энэ мэт байвал тусгүй л юм. Д.Амарбаясгалангийн албат Э. Лхагва битүү шөлийг санал болгож, Улс тунхагласны баяраар ширээгээ засаарай гэсэн нь хачин, бас сонин. Яг үнэндээ бол бусдад битүү шөл санал болгохоос илүүтэй, УИХ-ын даргын нь гал тогоо, нэр төр нь л харин олон нийтэд битүү ойлголт төрүүлээд байгааг тэдгээр албат нь ойлгох хэрэгтэй байгаа юм. Эхний ээлжинд, Д. Амарбаясгаланг алдаатай төсөв баталсан, үүнийгээ тодотгол хийхээр хуульчилж дагуулсан 41-р тогтоолоороо баталсаан гээд Ерөнхийлөгч У. Хүрэлсүх, түүний Тамгын дарга Г. Занданшатар маш тодорхой илтгэчихээд байгаа. МАН-ын генсекийг найман жил хийж, Засгийн газрын хэрэг эрхлэхийн даргыг хавсран, нам төрийг хослон барьж хууль дүрмийг огоорсоор эдүгээ төрийн эрх барих дээд байгууллагын дарга болсон Д. Амарбаясгаланд төсвийн хоригоос өөр нэг ноцтой асуудал тулгараад байгаа. Энэ бол “Админериал” гэдэг компанитай түүнийг холбоо хамааралтай гэх асуудал. Өчигдрөөс Б. Энхбаяр гишүүн “Бид төрөө авлигаас салгана гэж сонгуульд орсон болохоос хулгайчаа дээрээ зална гээгүй” гээд, үүнийгээ шууд Д. Амарбаясгаланд хамааруулан хэлж байна. Б.Энхбаяр хуульч хүн, Хууль зүйн яамны дэд сайд хийж явсан хүн. Ц. Нямдоржтой ч заалдаж, ач тач үзсээр ирсэн, хуулийн ном мэддэг толгой. “Би чамд хайртай” кинонд, “Энэ залуу иргэн яагаад ингэх болов” гэдэг шиг, хуулийн өргөн ойлголт, мэдлэг өндөр, өөртөө нэн итгэлтэй энэ залуу хууль тогтоогч яагаад УИХ-ын даргыг ингэж боорлох болов. Шударга ёс нэхэж байгаагаас л гэж ойлгогдож байгаа. Тэрбээр өнгөрөгч хавар Нүүрсний хулгайн асуудлаархи сонсголыг ахалж, бүх мэдээллийг ил болгосон. Одоо энэ асуудлаараа, Д.Амарбаясгалантай холбоотой гэгдэх Бортээгийн асуудлаар УИХ-аар хэлэлцэх чиглэлийг Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэд санал болгон зорьсондоо хүрнэ гэж бичсэн билээ. Мөн тэгээд “Д.Амарбаясгалан тэр 30 сая ам.доллараа тайлбарлах хэрэгтэй. Яагаад сонсголд ирээгүй юм. Яриагүй юм. Тэгчихээд одоо огт хамаагүй мэт юм ярьж болохгүй” гээд эрс хэлж байна. Д. Амарбаясгалан өөрийгөө квадратын лиценз эзэмшдэггүй гээд, хууль хяналтын байгууллагад шалгуулна гэсэн. Гэтэл улам бүр иргэд, нийгэм түүнийг албан тушаалаа өгөөд шалгуул гэх төлөвтэй. УИХ-ын дарга маань өөрөө ийм нэг “битүү шөлний” орц болчихоод байна. Гэтэл хажуугаар нь, Нарансэвстэйн боомтыг нээх бүх асуудлын бичиг сачиг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд байгаа гээд орлогч дарга Бөхчулууны Пүрэвдорж мэдэгдчихсэн. Энэ үгээрээ Нарансэвстэйг нээж, Говийн их дархан газарт заналхийлэгч гол этгээд бол Д. Амарбаясгалан шүү гэсэн агуулгыг нийгэм рүү тэр өгчихсөн.
Д. Амарбаясгалан дарга Говь-Алтайн хүн. Говь-Алтайг дамнасан Говийн их дархан газар, мазаалай, хавтгайг Нарансэвстэйг нээснээр үгүй болгосон хүн Д.Амарбаясгалангаар нэрлэгдэнэ гэж тэр хүсдэггүй байлгүй дээ. УИХ-ын дарга гэдэг хариуцлагатай албанд томилогдсон Д.Амарбаясгалан олон, олон битүү шөлнийхөө нэгээр Нарансэвстэйг таалмааргүй л байна. Говийн их дархан газар, амьтдыг Говь-Алтайн Д. Амарбаясгалан утсгасан гэж хэлүүлмээргүй байгаа байлгүй дээ…
Z MAN