-Та далд хэлбэрийн сүрьеэгийн шинжилгээний тухай дуулсан уу-
Сүрьеэ өвчин нь дэлхий даяар нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг, халдварт өвчний шалтгаант нас баралтын 1-рт ордог гэдгийг та мэдэх үү. 2024 оны байдлаар жилд 10.8 сая хүн шинээр сүрьеэ өвчнөөр өвчилж, өвчилсөн хүмүүсийн 55 хувь нь эрэгтэйчүүд, 33 хувь нь эмэгтэйчүүд, 12 хувь нь 0-14 насны хүүхдүүд эзэлж, 1.3 сая орчим хүн уг өвчний улмаас нас барж байна. 1 сая хүүхэд сүрьеэгээр өвчлөхөд 230.000 хүүхэд эндсэн нэг жилийн статистикийг харахад энэ өвчнийг анхаарлын гадна үлдээхийн аргагүй. Түүнээс гадна олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт нэмэгдэж байгаа нь олон улс оронд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болдог юм. Гэхдээ сүрьеэ өвчнийг эрт илрүүлж чадвал амь насаа аварч, бүрэн гүйцэд энэ өвчнөөс ангижрах боломжтой. Эрт илрүүлж, бүрэн гүйцэд эмчлэх нь хамгийн чухал. Сүрьеэгийн савханцар гэх нянгаар үүсгэгддэг, хүнээс хүнд амьсгалын замаар дамжин тархдаг энэ өвчин дэлхий даяар өндөр тархалттай өвчин гэгддэг бөгөөд хамгийн тархалт өндөртэй нь Зүүн Өмнөд Ази, Номхон далайн баруун эргийн бүс нутгууд ажээ.
Манай улс ДЭМБ-ын мэдэгдснээр Номхон далайн баруун эргийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 орны нэг гэгддэг нь харамсалтай.
Гэхдээ сүрьеэгийн савханцар нян биед орлоо гээд шууд сүрьеэ өвчин болохгүй. Хүний биед далд хэлбэрт идэвхгүй байж байгаад дархлаа унахаас эхлээд тодорхой нөхцөлд далд халдвар хэлбэрээр идэвхжиж байгаад идэвхтэй хэлбэрийн өвчин болдог. Дэлхийн 8 тэрбум хүний 1.7 тэрбум нь ийм далд халдвартай байдаг гэхээр хэр хэмжээнд тархсан талаар нэг ойлголт төрөх байх. Та утаатай, агаарын бохирдолтой, агааржилт муутай орчинд амьдардаг бол, таны гэр бүл, хамаатан садан, ойр байдаг хүмүүс дунд сүрьеэ өвчтэй хүн оношлогдож байсан бол, эргэн тойронд тамхи татдаг хүн байдаг бол, удаан хугацаагаар ханиалгаад зүгээр болохгүй байгаа бол, ядарч сульдсаар байвал та хайхрахгүй өнгөрч болохгүй.
Уг нь орчин үед хөгжилтэй орнуудад сүрьеэгийн халдварыг далд хэлбэрт байхад нь илрүүлж, өвчин болохоос нь өмнө эмчилснээр эрсдэл бага, зардал мөнгө ч бага зарлагаддаг гэдэг билээ. Харин манайд далд хэлбэрийн сүрьеэ илрүүлдэг лабораториуд цөөн, илрүүлдэг шинжилгээний арга нэвтрээд удаагүй, эрүүл мэндийн эмч, мэргэжилтнүүд ойлголт, мэдээлэл дутмаг болохоор далд хэлбэрийн сүрьеэгийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ ч тааруухан явж ирлээ.
Монголд сүрьеэгийн шинжилгээ өгөөд хэвийн гарсан мөртлөө гадаадад очоод сүрьеэгийн халдвартай гарчихлаа гэж гайхах тохиолдлууд бий. Харин гадны хөгжилтэй улс орнуудад далд хэлбэрт байхад нь эрт илрүүлж, эмчилж чаддаг учраас иргэдээ, нийгмээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, сүрьеэгийн өвчлөл, нас баралтыг бууруулж чадаж байна.
Далд сүрьеэ халдвар тараахгүй ч цаашдаа 5-15 хувь нь идэвхтэй сүрьеэ болдог учраас тэд ингэж анхаарч байна. Харин манайд сүрьеэ өвчний эмийг улсаас үнэ төлбөргүй олгодог ч далд хэлбэрийн үед нь илрүүлж, эмчлэх тогтолцоо бүрэн бүрдээгүй, тэр ч байтугай зарим эмч нар далд хэлбэрт байхад нь эмчилвэл эмэнд дасалтай сүрьеэ болдог гэж ташуу бодох нь ч байдаг байна.
Дандаа түймэр болсон хойно унтраах биш гал гарахаас нь өмнө урьдчилан сэргийлдэг аргад улсаараа суралцмаар байна. Далд хэлбэрийн сүрьеэ өвчний тухай мэдээлэл өгч, шинжилгээний тухай ойлголтыг түгээж, ийм шинжилгээ хийдэг газруудаа олшруулмаар байна. Энэ төрлийн шинжилгээ нь үнэ, өртөг ихтэй ч гэсэн баталгаатай, чанартай хийдэг газар нь олон болбол, мөн эрүүл мэндийн даатгалаараа хийлгэдэг болчихвол хэрэгцээ нь нэгэнт манайд бий болжээ.