Эрдэмтэд 2017-2021 оны хооронд АНУ-ын Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд шулуун гэдэсний хорт хавдар эрс өсөж байгаа нь анхаарал татсан байна. Энэ хавдрын тохиолдол эмэгтэйчүүдэд 3 хувь, эрэгтэйчүүдэд 1.6 хувиар нэмэгдсэн тооцоолол гарчээ. Харин 65 ба түүнээс дээш насны цагаан арьст эмэгтэйчүүдэд огцом өсөж, 4 хувиар өссөн байна. Хэрэв энэ хурдаар үргэлжилбэл 65-аас дээш насны эмэгтэйчүүдэд тохиолдох шулуун гэдэсний хорт хавдрын өвчлөл 15 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдэх магадлалтайг эрдэмтэд анхааруулж байна. Маш хурдтайгаар нэмэгдэж буй шулуун гэдэсний хорт хавдрын гол шалтгааныг эрдэмтэд тогтоогоогүй болов ч энэ төрлийн хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 90 орчим хувь хүний хөхөнцөр вирустэй (ХХВ) байсан нь шинжилгээгээр тогтоогдсон байна.

Мөн эрдэмтэд 65-аас дээш насны хүмүүс энэ хавдраар өвчилж байгаа шалтгааныг энэ төрлийн вакциныг бага насанд нь хийдэггүй байсантай холбож тайлбарлаж байгаа юм. Их Британи улсад 2008 оноос эхлэн 12-13 насны бүх охидод ХХВ-ийн вакцинд хамрагдах боломжтой болсон бол 2019 оноос эхлэн хөвгүүд хамрагдах боломжтой болжээ.
Монгол Улс 2024 оны сүүлээр умайн хүзүүний хорт хавдартай тэмцэх зорилгоор ХХВ-ийн вакциныг нэвтрүүлж, улсын хэмжээнд сургууль, эмнэлгүүдэд 11 настай охид, хөвгүүдийг үнэ төлбөргүй вакцинд хамруулсан. Засгийн газар GAVI, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг олон улсын түншүүдтэй хамтран ХХВ-тэй холбоотой хорт хавдраас сэргийлэх, хамрах хүрээг бий болгох зорилгоор энэхүү санаачилгыг хэрэгжүүлж байна.


