Улс төрийн хураангуй…
Язгуур эрх ашиг гэдэг ойлголт бий сэн. Монголын парламент ирэх оны төсвөө хэлэлцэж байгаа билээ. Гэтэл үүнд бодитой анхаарч, шантай махарч байгаа УИХ, Засгийн газрын гишүүн, төрийн хандлага огт эс үзэгдэх. Гагцхүү төрөөрөө ч, ард түмнээрээ ч өдөр тутмын нийтийн сүлжээн дэх хэрүүл цулмаар амьсгалан цагийг барах. Монголчууд хоёр зүйл дээр хахалдан тэмцэлдэж байна. Нэг нь нийтийн сүлжээ, нөгөөх нь Улаанбаатарын түгжрэл. Уг нь үндэстнээрээ, ард түмнээрээ язгуур эрх ашиг дээрээ хахалдан тэмцэлдмээр. Өнгөрөгч долоо хоногт төсвийн хэлэлцүүлэг дээр “шарын эзэн” Сангийн сайд Б. Жавхлангаас өөр ажил хэрэгч, ултай мэтгэлцэгч ер үзэгдээгүй. Мэдэхгүй, чадахгүй их ч зүтгэл дүүрнээ илэрхийлсэн гишүүд л олон нийтийн индэрт бишгүй. Зуун хорин зургаан гишүүн зуун хорин зургуулаа зуузай холбоод төсвөө ярьж, орлого, зарлагаа нягтлаад банжиж баймаар. Гэвч тэгдэггүй. Парламент оочин цоочин хэдэн хүн л суусан төрхтэй харагдсаар дасал боллоо. Асуулт тавьж байгаа нь агуулгаа бүрэн гаргаж ул суурьтай хандахаасаа попорч оноо авах гэсэн нь олон шиг. Ордноор дүүрэн эзэнгүй сандал л харагдаад байна. Цаг үеийн чухал чухал зүйлийг нийгэмд анзаарагдуулахгүй байх бодлого зэрэгцээд удсан.
Нээлттэй, ил тодын цаана жинхэнэ нээлттэй, нийтээрээ мэдэж байхаар зүйлүүд орхигдох, орхигдуулах үйл явц үргэлж анзаарагдана. Өчигдөр гэхэд, Үндсэн хуулийн цэц дээр дээр Их суудлын хуралдаан болов. Цэц цахим хуудастаа Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх тухай асуудлыг бүрэн гүйцэд, бодитой хянан шийдвэрлэх, маргагч талуудын чөлөөтэй мэтгэлцэх боломжийг хангах үүднээс Их суудлын хуралдааныг хойшлуулж ирэх сарын найманд хуралдуулахаар болсон тухай хуурай мэдээг тавьж. Уг мэдээнд Их суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй учраас хуралдааныг хойшлуулсныг дурдаж. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өдөр бүр шахам аль нэг байгууллага дээр очиж, хууль дүрмийг нь шинэчлэх, дэвшитгэх тухайгаа ярьж байгаа билээ. Үгүй ээ, үнэхээр л тийм юм бол яагаад УИХ-аасаа өчигдрийн Их суудлын хуралдаанд төлөөлж очих гишүүнээ бэлэн байлгасангүй вэ гэдэг асуулт яах аргагүй гарч байна. Ам, ажил хоёр Монголд зөрдөг нь одоо угтаа зогсвол зогсохоор болсон доо. Зөрсөөр байгаад урд хил дээр хэдэн жилийн ажил болж тавьсан төмөр замаа хүртэл холбож чадахгүй байгаа биш билүү. Яагаад ингэж улсаа хорлож дуусдаггүй үйлс замналууд, төрийн харалгануудын бодлого татрахгүй байна вэ. Өчигдрийн Цэцийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын цаана Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онц дэглэм, Засгийн газарт эрх шилжүүлэхдээ БНМАУ-ын хуулийг барьсан, тэрийг нь Цэц хэлэлцэх эрхтэй эсэх нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх хуулиар хязгаарлагдсан эсэх гээд төнхөөд үзвэл нэлээд чухал сэдэв байгаа ч анзаарч байгаа нь цөөн юм. Анзааруулахгүй байх сонирхол нь ч их юм. Төсвийг сонирхохоосоо 250 шил виски, 4000 кг мах авах мөнгөөр улстөрчид Тэрэлжид нэг сайдынхаа амралтанд амарсан нь илүү сонин байна л даа. Байлгаад байна л даа. Цэцийн дунд суудлын хуралдаанаар юу хуралдсаныг хүмүүс мэддэг байсан бол одоо дөрвөн жилийн дараа хуралдсан Их суудлын хуралдаан юуны талаар байсныг мэдэж байгаа ч хүн алга, мэдээлэл өгөх газар нь ойлгомжгүй мэдээ тавьдаг болжээ. Уг нь энэ гомдол дээрх дунд суудлын хуралдааны шийдвэр нэлээд асуудал дагуулж байсан санагдах юм.
Тодруулбал, дөрвөн жилийн өмнө одоогийн Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд ууртай мэдэгдэл хийж, Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авбал үндэсний эрх ашгаас урвасан болно шүү гэж айлгаснаар гишүүд дүгнэлтийг хүлээж аваагүй үйл явдал мартагдахын аргагүй ойрын түүх л дээ. Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосноос хойш зургаан сар тутамд сунгаж байгаагаа Засгаас мэдэгдэж, сүүлдээ цагийн саалтаар энэ онцгой байдлын талаар бүдэгшин бүдэгшсээр, эдүгээ тус үйлдвэр Эрдэнэс Монгол нэгтгэлийн харъяанд ажиллаж байгаа билээ. Худалдан авалт, хяналтгүй байдал, компанийн засаглалын язгуур мөрдлөгө алдагдсан гээд маш олон асуудал Эрдэнэт үйлдвэрт бий. Эрдэнэт үйлдвэрт хянах, шалгах, үнэнийг мэдэх маш олон асуудал бий дээ. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэрийг эргүүлж нягтлах цаг болсон доо.
Z-MAN