Z-MAN Улс төрийн хураангуй…
Итгэл гэдэг зүйл монголчуудын хувьд үгүйрээд л, үгүйрээд л. Орон нутгийн сонгуульд МАН үнэмлэхүй яллаа л гэж байна. Халтмаагийн Баттулгын хэлээд байгаачлан 15-16 хувийн ялалт авчихаад бүхэл бүтэн хотыг удирдах гэж байгаа нь үнэн. Итгэл гэдэг зүйлгүй болохоор бүх түвшинд ингэж хямдарч байгаа юм. Тогмидын Доржханд, Пүрэвсүрэнгийн Наранбаяр хоёр шадар хийгээд боловсролын сайдын суудлаар ХҮН хэмээх намд итгэгсэд өндөрлөж.
Ардын дотор өөр ажиллах байх, шинэ салхи гэгдэн байсан эл нам ийнхүү хоёр сайдын суудлаар олны итгэлээс алдагджээ. Саяын сонгуулиар үс ч үгүй тавиулж байна. Монголын гол хоёр намын нэг Ардчилсан нам нийслэлийн зүрхэндээ тавхан суудал авч байна. Л. Оюун-Эрдэнийн Засгийн өвөрт орж асан тэр цагт Ардчилсан намыг хүндэтгэх иргэдийн итгэл дууссан байна. Нийслэлийн удирдлагадаа чүү ай таван суудал авч байгаа энэ намд иргэд, олон нийтийн итгэлийг ахин үзэхэд нэн хүнд болсон нь маргаан алга. Парламентад сонгуулийн хуулийн үрээр суудалтай болсон Б.Батбаатар, Н. Номтойбаярын намууд мөн өчүүхэн ч ялалтгүй, ганц ч суудалгүй үлдэж байгаа нь мөн л иргэдийн итгэлд эзэн суухгүй байгаатай холбоотойгоор өөрөөр тайлбарлагдахгүй. Ингэж эрх мэдлийн оройд суусан бүлийнхээ дэм, өөрийн хошуу сунган хэрэлдэх ур чадварынхаа үзүүлэлтээр Хишгээгийн Нямбаатар гэдэг хүн үе улиран нийслэлийн засгийг барихаар боллоо. Х.Нямбаатар есөн эмэгтэй дэвшүүлсэн, есүүлээ гараад ирлээ хэмээн сайрхаж байна лээ. Зүй нь бол ес биш, үгүйдээ л 18 эмэгтэйг дэвшүүлэх ёстой байсан юм. Хүйсийн тэгш эрх үгүйлэгдсээр байгааг энэ сонгуулиар нотолж байгаа хэрэг. Дэвшүүлээд өгвөл дэмжээд өгөх иргэд сонгогчид нь байна. Нам нь харин дэвшүүлэх ажлаа муу хийлээ гэдгийг эрхбиш тэд ойлгож байгаа байгаа.
Итгэлийн чанар, амьдралын чанар ингэж доройтохын хэрээр өөдрөг бүтэмжтэй зүйл монголчуудад хомс болсоор байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан спикер болсоор, очсон газар, байгууллага бүр дээрээ өөдрөг, сайн зүйл ярих боллоо. Зөв л дөө. Гэтэл ингэж ярьсны үр сайнаар гармаар. Орон нутагт О.Амгаланбаатараар толгойлуулсан АН-д МАН ялагдсан. Говь-Алтайдаа ялагдаад байгаа спикерийн нөлөө түшицийг хэрхэн үзэх вэ. Хэнтийд МАН мөн ялагдаж байна, Л.Оюун-Эрдэнэ даргын нөр нэр хүнд хаачив. Их хурлын сонгуулиар ганц эмэгтэй П. Анужинг хөтөлж аваачаад унагачихдаг долоон эр яаж ч итгэгдэх вэ дээ. Сүхбаатар, Хэнтийн үр дүн итгэл алга болсныг харуулж байна. Ингээд л итгэлийн шугам унасаар. Ховд аймагт гэхэд хуучин бүлэглэл, хоёр нам хавсарсан ханагарууд гарлан Энхбатын Болормаа гэдэг эмэгтэйг дарж авахын тулд МАН-ыг унагачихаж байгаа юм. Тооноор орсон гэгддэг Э. Болормаа уг нь энэ аймагт бас ч гэрэл гаргаж, өрх татсан нь үнэн ч түүнийг таалахгүй байх шаардлага аймгийн улс төрийг он жилээр базаж ирсэн бүлэглэлд байгаа юм. Нам тусдаа ч фракц нэг явж ирсэн С.Бямбацогт, Б. Пүрэвдорж нарын хоршил Э.Болормааг шилгээчихэж байгаа нь түвэггүй ажиглагдах. Ингээд л Ховдынхны итгэл мухардсаар. Энэ мэтээр Монголд бүх түвшинд итгэл хямдарч байна. Ерөнхийлөгч маань саяхан ардчилал хаалттай, дарангуйллаараа ертөнцийн шившиг болж асан Сапармурат Ниязовын нутагт айлчиллаа. Зүгээр л тохиолдол байсан байлгүй дээ.
Z man