Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт өнөөдөр /2024.06.05/ 06:15:57 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг ОБЕГ-аас мэдээллээ.
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 47.10 101.45
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед авах 10 алхам:
1. Аюулгүй орон зайг тодорхойлох– Байшин дотор хамгийн аюул багатай газар нь даацын хананы хажуу булан байдаг. Гэр дотроо хамгийн аюулгүй гэсэн 3-4 цэгийг тодорхойлж өрхийн гишүүн бүрт хэлж таниул. Мөн ажлын газар, сургууль, цэцэрлэг гэх мэт ихэнх цагаа өнгөрүүлдэг газруудынхаа аюулгүй орон зайг тодорхойл.
2. Тавилга, эд хогшлоо бэхлэх- Том тавилгууддаа дарагдаж бэртэхээс сэргийлж аль болох хананд нь бэхэл. Гарах гарцыг хааж болзошгүй тавилга бүү тавь, шилэн эдлэл хагарахаас сэргийл. Унтаж байхад орон дээр унаж, гэмтээх эд зүйл бүү тавь.
3. Сургалт, дадлагад хамрагдах- Газар хөдлөлтийн сэдвээр зохион байгуулсан сургалтад хамрагд. Орон байраа орхин гарах дадлага сургууль хий. Сурснаа бусдадаа зааж сурга.
4. Бэлэн байдлын цүнхтэй болох- Гэртээ чүдэнз, лаа, гар чийдэн гэх мэт нөөц гэрэл үүсгэгч, аль болох удаан хадгалагдах илчлэг сайтай хүнс, ус, хоолны хэрэгсэл, радио, анхны тусламжийн цүнх, ариун цэврийн хэрэгсэл, дулаан хувцсаа нөөцөл. Чухал шаардлагатай бичиг баримтуудын хуулбараа ус нэвтрэхгүй газар хадгал. Тэдгээрийг хаана байрлуулсныг болон яаж ашиглахыг хүн бүр мэддэг байх.
5. Уулзах цаг, амьдрах газраа товлох- Газар хөдлөлтөөс үүдэн гар утас, цахилгаан холбоо тасарсан тохиолдолд гэр бүлийнхэнтэйгээ уулзах газраа товло.
6. Чичирхийлэл мэдрэгдэх үед- Барилга дотор байвал цахилгаан болон хий, усны шугамыг хааж аюулгүй газарт түр хүлээнэ. Чичиргээ зогссоны дараа байгаа газраасаа тайван гарч, аюулгүй талбайд оч.
7. 1-2 минутын дараа- Чичирхийлэл намдмагц гал гарч болох эх үүсвэрүүдийг шалгаж унтраа, гэр бүлийнхнээ эсэн мэнд эсэхийг тодруул. Цахилгаан шат хэрэглэж болохгүй. Уул хадтай газарт яваа бол чулуу унах хөрс нурахаас сэргийл. Гадаа яваа бол блокон хашаа нурах, самбар, хагарсан унаж ирэхээс болгоомжил.
8. 3 минут!!!- Хүмүүсийн эсэн мэнд эсэхийг шалга, гал түймэр гарахаас сэргийл. ойр орчимд гал түймэр гарвал чанга дуугаар хүмүүст мэдэгдэж, гал унтраах арга хэмжээ ав.
9. 5 минут !!! – Дүрвэж гарахдаа хийн зуухны хоолой, цахилгаан таслах хөшүүргийг дахин шалгах, бэртсэн, шархадсан хүмүүсийг аврах, анхны тусламж үзүүлэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дамжуулж буй мэдээг анхааралтай сонс.
10. 10 минут өнгөрснөөс хойш- Хүчээ нэгтгэн гарсан галыг унтраа, аврах, яаралтай тусламж үзүүлэх ажиллагаанд ор, цуу ярианд автахгүй бай, хохирлын мэдээг цуглуул, харилцан туслах сэтгэлтэй бай.