126 гишүүнтэй парламентын намрын анхны чуулган ӨНӨӨДӨР эхэлж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүн Жендэрийн тэгш байдалд нэлээдгүй ахиц гарч эмэгтэйчүүдийн төлөөлөл 25.4%-д хүрсэн. Харин энэхүү үр дүнг Орон нутгийн сонгуулиар давтан бүсгүйчүүдээ дэмжих хэрэгцээ, шаардлага ажиглагдаад байна.
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, жендэрийн тэгш байдал гэж онцлоод байгаа нь учиртай. Аль ч түвшинд хүйсийн тэгш оролцоог хангах нь чухал юм. Энэ боломж хангагдаж байж хөгжил урт хугацаандаа тогтвортой байж, нийгмийн тулгамдсан асуудлаа тэнцвэртэй шийдэхээс гадна эдийн засагт маш том нөлөө үзүүлдгийг олон улсын судлаачид онцолдог.
Тодруулбал, ОУВС-гийн захирал асан Кристин Лагард “Хэрэв Энэтхэг улс эмэгтэйчүүдийнхээ ажил эрхлэлтийн түвшинг эрчүүдийн хэмжээнд хүргэвэл ДНБ-ээ 27 хувиар нэмэгдүүлэх боломжтой бол Пакистан, Саудын Араб, Өмнөд Африк зэрэг улс эдийн засгаа 10-34%-иар тэлэх боломжтой” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Япон, АНУ ажиллах хүчний бодлогодоо жендэрийн тэгш байдлыг тусгаснаараа ДНБ-ээ 5-10 хувиар өсгөж чадсан жишээ ч байна.
Ер нь улс орнуудын хувьд орон нутгийн түвшинд эмэгтэйчүүд чухал оролцоотой ажиллах болсоор удаж байна. Орон нутгийн сонгуулиар эмэгтэйчүүдээ идэвхийлэн дэмжиж, хотын даргаар бүсгүйчүүд сонгогдон ажиллаж буй жишиг дэлхий дахинд тренд болж байна гэхэд болно. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай гэгдэх АНУ-ын 50 мужийн 12-ыг нь эмэгтэйчүүд удирддаг. Мөн Японы Токио хотын даргаар Коико Юрико 2016 оноос хойш тасралтгүй гурван сонгууль дамнан ялалт байгуулж, гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Тэр чадаж байгаа учраас түүнд хүмүүс итгэл хүлээлгэсээр байна гэсэн үг. Мөн Сидней хотын даргаар Клевер Мур, Канадын Торонто хотын даргаар Оливиа Чау, Филиппиний Замбоанга хотын даргаар Бен Климако гэх зэргээр дэлхийн томоохон метрополис хотын захирагчдаар бүсгүйчүүд ажиллаж байна.
Харин бидний замнал ямар байна вэ?
Дэлхийн дунджаар орон нутгийн удирдах байгууллагад эмэгтэйчүүдийн оролцох үзүүлэлт 35.5 хувь бол Азид 31.9 хувьтай байна. Харин манайд орон нутгийн сонгууль буюу аймаг, нийслэлийн ИТХ болон дүүрэг сумын ИТХ дахь эмэгтэйчүүдийн оролцоо 25.4 хувьтай байгаа нь Азийн дунджаас ч бага үзүүлэлт юм.
Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн эмэгтэйчүүдийн тоо 30 хувьд ч хүрэхгүй байгаа нь дээрх үзүүлэлт бүр буурна л гэсэн үг. Нэр дэвшсэн бүх эмэгтэйчүүдээ сонгоод сонгоод Азийн дундаж руу ирэхгүй нь тодорхой болчихлоо. Уг нь бид УИХ-ын сонгуулийн дараа парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоогоор Азийн дундажийг давж, дэлхийн дундаж руу дөхөж ирлээ гээд олон улсын жишигт байгаа гэдгээрээ бахархалтай байсан сан.
Манайд одоогийн байдлаар сум, дүүргийн ИТХ-ны дарга эмэгтэйчүүдийн эзэлж буй хувь 14.8%, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 15.5% байна. Орон нутаг, нийслэлийн засаг дарга, захирагчийн түвшинд эмэгтэй хүн ажилласан ганцхан тохиолдол буй бөгөөд тэр нь Ховд аймгийн засаг дарга Э.Болормаа юм.
Улаанбаатар хотын даргаар 100 жилийн хугацаанд нэг ч ЭМЭГТЭЙ ажиллаагүй.
1924 оны дөрөвдүгээр сарын 30-нд хороодын захирагч дарга нар, хотын хурлын гишүүдийн хурлаас хотын түр захиргааны даргаар гаалийн хорооны Моононгийн Баярыг хотын даргаар сонгосон цагаас хойш Д.Догсом, Г.Багаа, сүүлээс С.Мөнхжаргал, Л.Энэбиш, Ц.Баасанжав, Ж.Наранцацралт, М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл, С.Батболд, С.Амарсайхан, Д.Сумьяабазар, Х.Нямбаатар гээд дандаа эрчүүд хотыг маань удирдаж иржээ. Эмэгтэй хотын даргатай болж байсан ганц ч тохиолдол алга байна.
100 жилийн хугацаанд бидний нийслэл өнгөө алдаж, цэцгээ хумижээ. Азийн цагаан дагина гэсэн нэр хаа нэгтээ алга болжээ. Хар барааны үүр уурхай болж, дэлхийн хамгийн бохир, төлөвлөлт муу хотуудын нэг болсон байна.
Улаанбаатарчуудад эхийн хайр хэрэгтэй байна. Тэр тусмаа хотын даргаар эмэгтэй хүнийг томилон ажиллуулмаар байна. Угаас бүсгүйчүүдээр удирдуулдаг хотод амьдрах орчин сайжирч, хүн төвтэй аюулгүй, цэвэрхэн хот бий болж буй нь олон улсын жишээн дээр батлагдаж байна.
Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар чадварлаг бүсгүйчүүд олноороо нэр дэвшиж харагдсан. Хотынхоо өнгө засагдаж, гэгээ татахыг нь хармаар байвал бүсгүйчүүдээ дэмжье. Олон улсын жишгийг дагаад эмэгтэйчүүддээ итгээд үзье.