Өнгөрсөн өвөл Улаанбаатар хотод нэн харамсалтай үйл явдал болсон. Дүнжингарав худалдааны төвийн уулзварт газ тээвэрлэж явсан ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдсөн осол гарч, дэлбэрэлтэд ОБ-ын гурван алба хаагч өртөж газар дээрээ нас барсан бол 14 хүн түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн. Үүнээс хойш дөрвөн иргэн шархаа даалгүй нас барч, галд өртсөн 60 айлын орон сууцанд амьдарч байсан 56 өрхийн 180-200 хүн гэр оронгүй болж түрээсийн байраар амьдрах болсон.
Энэхүү ослын дараа нийгмээрээ айдаст автан борооны дараах мөөг шиг олширсон шатахуун түгээх станцуудыг нүүлгэх талаар шуугиж эхэлсэн. Гэвч одоог хүртэл үр дүнд хүрсэн тохиолдол байхгүй байна…
Тодруулга: 2024 оны 01 сарын байдлаар нийслэлд шатахуун, дизель түлш борлуулдаг 266, газын буюу хийн түлш борлуулдаг 5, бөөний 29 агуулах байгаа. Нийт 455 орчим шатах тослох материал, хийн газ борлуулдаг газар үйл ажиллагаа явуулж байна.
2020 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шатахуун түгээх станцуудад томоохон хяналт, шалгалт хийж байжээ. Шалгалтаар нийслэлд 239 шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байсан ба Улаанбаатар хотын нутагт буй ШТС зохист хэмжээнээс 2.4 дахин их байна гэсэн дүгнэлт гарч байжээ. ( Стандартад шатахуун цэнэглэх нэг гар нь 1200-1300 орчим автомашинд шатахуун шахах хүчин чадалтай ба ШТС-д дунджаар 5-6 гартай байдаг байна).
Тэгвэл дээрх стандартын дагуу тооцоход 2024 оны 09 сарын байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаа 750,000 тээврийн хэрэгсэлд 104 шатахуун түгээх станц байхад л хангалттай байна. Харин одоогоор 266 ШТС үйл ажиллагаа явуулж байна (Зохист хэмжээнээс 2.5 дахин их).
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа барилгын норм ба дүрэмд ШТС-ын барилга байгууламжийг ямар тооцооллоор хэрхэн барих тухай нарийн заасан байна.
Байршилд тавигдах шаардлага
- Тухайн орон нутгийн салхины зонхилох чиглэлийг үндэслэн орон сууц, үйлдвэрлэлийн болон олон нийтийн барилга байгууламжийн салхины доод талд байрлуулах;
- ШТС-д ослын улмаас шатахуун асгарсан тохиолдолд ШТС-ын эзэмшлийн газраас гадагш тархахгүй байхаар төлөвлөх;
- Хувийн гарааш ба автомашины ил зогсоолоос 18-30 метрийн зайд;
- Орон сууц, олон нийтийн газар барилгаас 25-80 метрийн зайд;
- Ерөнхий сүлжээний төмөр замаас 25-30 метрийн зайд;
- Худалдааны ТҮЦ, мухлагуудаас 20-25 метрийн зайд;
- Хатуу түлшээр галладаг байрнаас 50-150 метрийн зайд барих ёстой;
- Олон нийтийн барилгаас 25-80 метр хүртэлх зайнд ШТС барих ёстой зэрэг стандарт байдаг байна. Гэвч Улаанбаатар хотын төлөвлөлт муу байдлаас шалтгаалан стандартад нийцэхүйц талбайд үйл ажиллагаа явуулж буй ШТС цөөн байна.
Ноцтой баримт: Төрийн өмчийн 13 сургуулийн дэргэд 16 станц байна. Хувийн есөн сургуулийн хажууд есөн шатахуун түгээх станц байна. Тэгэхээр нийт 22 сургуулийн хажууд 25 шатахуун түгээх станц байна. Эдгээр сургуулийн сурагчид болон тухайн бүсэд ойр амьдарч буй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна.
Сургуулийн хажууд ШТС баригдсан эдгээр тохиолдлуудаас олон нийтийн анхааралд өртөөд буй сургууль бол Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн хажууд байрлах “Шунхлай” ШТС юм. Яг сургуулийн хашааг залган байрлаж буй энэ станцаас байнга бензины үнэр үнэртдэг тухай багш, сурагчид мөн ярьж байсан юм. Гэвч одоог хүртэл энэхүү ШТС ажилласаар л байна…
Ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ
Бид аливаа болзошгүй эрсдлийг өөрт нь хэзээ ч тохиолдохгүй мэтээр бодож үл тоодог. Гэвч эрсдэлт зүйлс гэнэтийн байх нь түгээмэл юм. Тэр дундаа гал, ус, цахилгааны эрсдлийн үед хэрхэн арга хэмжээ авах, шатах тослох материалтай хэрхэн харилцаж аюулгүй болгох, өөрийн болон бусдын амь нас эрсдэх нөхцлөөс хэрхэн сэргийлэх гэх мэт гамшгийн үед хариу арга хэмжээ авах сургалтыг бүх насныханд зохион байгуулах, ЕБС-ийн хичээлийн агуулганд багтаах шаардлагатай байна. Гамшиг ослын сургалтыг зөвхөн төрийн холбогдох байгууллагаас гадна олон нийтийн газар, сургуулийн орчинд гал, ус, цахилгааны өндөр эрсдэлтэй төхөөрөмж байршуулан, үйл ажиллагаа явуулж буй газрууд ч иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх чиглэлд ажиллах шаардлагатай байна.
Сургуулийн орчин, төвлөрөл ихтэй бүсэд байрлаж буй ШТС-ийг нүүлгэн шилжүүлэх нь чамгүй өндөр төлбөртэй талаар холбогдох албан тушаалтнууд онцолж байсан. Тэгвэл яаралтай нүүлгэн шилжүүлдэггүй юмаа гэхэд гамшиг, аюул тохиолдсон үед хэрхэн хариу арга хэмжээ авах талаарх сургалтыг өргөн цар хүрээнд зохион байгуулах шаардлагатай. ШТС-ууд ч энэ чиглэлд сургалт, мэдээллийг иргэдэд түгээн ажиллах соёлд суралцаасай. Урт хугацаандаа эрэлтээс давсан нийлүүлэлтийг бий болгоод буй ШТС-уудыг нүүлгэн шилжүүлэх, үйл ажиллагааг нь зогсоох чиглэлд арга хэмжээ авах мөн сургуулийн орчинд буй 25 шатахуун түгээх станцийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай юм. Улсын баялаг ИРГЭН нь билээ. Дүнжингаравын осол дахин давтагдах ёсгүй!!!