АНУ-н цагаачлалын визийн (ногоон карт) хөтөлбөр нь АНУ-д цагаачлагчдын тоо багатай улсын шаардлага хангасан иргэдэд олгодог. Хөтөлбөрийн 2026 оны бүртгэл 2024 оны 10-р сарын 2-ноос 11-р сарын 5-ны өдрүүдэд үргэлжилнэ. “Ногоон картын сугалаа” хэмээн Монголчуудын нэрлэдэг энэхүү хөтөлбөрөөс жил бүр 50,000 хүртэлх цагаачлалын визийг дэлхийн шаардлага хангасан хүмүүст олгодог.
Бүртгэлийн ерөнхий шаардлага нь:
- АНУ-д цагаачлагчдын тоо бага улсын иргэн байх
- Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх
- Шаардлагад нийцэх ажлын туршлагатай байх шалгуурууд болно.
Хөтөлбөрт бүртгүүлэхэд үнэ төлбөргүй, хялбар байдаг ч бүртгэлээ эхлэхээс өмнө зааврыг бүрэн уншиж танилцахыг зөвлөе!” 2026 оны ээлжит бүртгэл 2024 оны 10-р сарын 2-ны өдөр үдийн 12.00 цагт нээгдэнэ (АНУ-ын зүүн бүсийн цагаар) Зөвхөн “dvprogram.state.gov” цахим хуудсаар хөтөлбөрт бүртгүүлэх юм. Бүртгэлийн хугацаанд хуулийн дагуу нэг хүн нэг л удаа бүртгэл үүсгэх эрхтэй. АНУ-ын Төрийн департаментаас дэвшилтэт технологи ашиглан бүртгэлийг шалгадаг бөгөөд тухайн жилд нэгээс илүү бүртгэл үүсгэсэн тохиолдолд шууд хасагддаг.
Хөтөлбөрийн зааврыг travel.state.gov/dv цахим хуудаснаас уншиж, судлах боломжтой. Тус хөтөлбөрт бүртгүүлэхэд ямар ч хураамж төлөхгүй. Хэрвээ та бүртгүүлэх гэж байгаа бол ямар нэгэн визийн зөвлөгөөний төв, агентлаг гэх мэт зуучлалын байгууллагаас тусламж авалгүй, өөрсдөө бүртгэлийн маягтаа бөглөхийг зөвлөж байна. Хэрэв танд хэн нэгэн тусалж байгаа бол бүртгүүлэх үед хамт байж, бүх асуултад үнэн, зөв хариулж байгаа эсэхийг шалган, бүртгэлийн төгсгөлд гарч ирэх баталгаажуулалтын дугаарыг өөрөө хадгалж авна уу. Хөтөлбөрийн шалгаруулалт 2025 оны 5-р сард явагдана.
Та сонгогдсон эсэхээ зөвхөн dvprogram.state.gov/ESC цахим хуудаснаас шалгах боломжтой. Таныг хөтөлбөрт сонгогдлоо гэсэн и-мэйл ирсэн бол та сайтар шалгаж нягтлаарай. Мөн өөрийн нууц чухал мэдээллийг бүү өгөөрэй. Хуурах, залилах оролдлого байж болохыг анхаарна уу. АНУ-ын Төрийн департамент хөтөлбөрт сонгогдсон хүмүүс рүү и-мэйлээр холбоо тогтоодоггүй. Олон үндэстний цагаачлалын визийн (ногоон карт) хөтөлбөр нь Монгол Улсын иргэдэд АНУ-д цагаачлах боломжийг олгосоор ирсэн бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд жил бүр дунджаар 11,000 орчим Монгол улсын иргэн, 16,800 орчим гэр бүл сугалаанд оролцсон байна. Монгол улсаас 2011 оноос хойш нийт 1,200 гаруй иргэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд АНУ-д хууль ёсны дагуу цагаачилсан байна.
Цагаачлалын визийн хөтөлбөрт (ногоон карт) бүртгүүлэх 10 зөвлөгөө:
- Та travel.state.gov/dv цахим хуудас дахь зааварчилгаатай танилцаж өөрийгөө шаардлага хангах эсэхээ шалгана уу. Шаардлага хангаагүй бол БҮҮ бүртгүүлээрэй.
- Зөвхөн dvprogram.state.gov цахим хуудсаар бүртгүүлнэ үү. Энэ нь бүртгэлд хамрагдах цор ганц зөв арга юм. Бусад хуурамч цахим хуудас болон луйврын үйл ажиллагаанд хууртагдахаас болгоомжилно уу.
- Хөтөлбөрт бүртгүүлэхэд ямар ч ХУРААМЖГҮЙ. Таныг мөнгө төлвөл сонгогдох магадлалыг тань дээшлүүлнэ, эсвэл бүртгэлийн маягт үнэгүй бөглөж өгнө гэх хүмүүсээс болгоомжилно уу.
- Хөтөлбөрт бүртгүүлэх маягтаа өөрөө бөглөж дуусгаарай. Учир нь зарим виз зөвлөгөөний төвүүд бүртгэлийн баталгаажуулалтын дугаарыг нууцаар хадгалж тухайн хөтөлбөрт сонгогдсон тохиолдолд их хэмжээний мөнгө нэхэмжлэх, эсвэл хууль бус үйлдэл хийхийг шаардах тохиолдол гардаг.
- Бүртгэлд зөвхөн сүүлийн зургаан сарын дотор авхуулсан зураг ашиглана уу. Хуучин зураг ашиглавал хөтөлбөрөөс хасагдана.
- Нэг хүн НЭГ л бүртгэл үүсгэх эрхтэй. Хөтөлбөр зарласан тухайн жилд үндсэн бүртгүүлэгч хоёроос дээш удаа бүртгэлд оролцвол хасагдана.
- Бүртгэлдээ хууль ёсны эхнэр/нөхөр болон 21-ээс доош насны гэрлээгүй бүх хүүхдүүдээ таньтай хамт цагаачлах эсэхээс үл хамааран оруулах шаардлагатай. Та хөтөлбөрт сонгогдсон хэдий ч таны бүртгэлд АЛДААТАЙ эсвэл ДУТУУ мэдээлэл байвал хөтөлбөрөөс хасагдахыг анхаарна уу.
- Өөрийн БҮРТГЭЛИЙН баталгаажуулалтын дугаараа хадгалж аваарай. 2025 оны 5-р сард та зөвхөн энэ ДУГААРААР өөрийгөө сонгогдсон эсэхийг шалгах боломжтой.
- Сонгон шалгаруулалт 2025 оны 5-р сард явагдана. Та сонгогдсон эсэхээ зөвхөн dvprogram.state.gov/ESC цахим хуудаснаас шалгах боломжтой. Таныг хөтөлбөрт сонгогдлоо гэсэн и-мэйл ирсэн бол хуурамч, залилан болохыг анхаарна уу. АНУ-ын Төрийн департамент хөтөлбөрт сонгогдсон хүмүүс рүү и-мэйлээр холбоо барихгүй.
- Хөтөлбөрт сонгогдсоноор та визийн ярилцлагад орох эсвэл виз авна гэсэн баталгаа биш гэдгийг санаарай. Тус хөтөлбөрөөс аль болох олон хүнд виз олгохын тулд нийт олгох боломжит визийн хяналтын тооноос илүү хүн сонгогддог. Иймд бүх сонгогдсон хүнд виз оногдохгүй байх боломжтой.