нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Иргэний боловсролЦаг үе, үйл явдал

Г. СОЁНГУА: НАДААР ДУТАВ ГЭЖ БИТГИЙ БОДООРОЙ. ТАНИАР Л ДУТДАГ ЮМ ШҮҮ

  • By Nomio Nomin
  • 2025-06-24

“Байгаль орчны бохирдлыг ус, хөрсний бохирдлыг шалгаад хэмжчихдэг ч шиг нийгмийн асуудлыг ямар нэг хэмжүүрээр хэмжихэд хэцүү. Тухайн хүнд тулгарч байгаа бэрхшээл нь тэр хүний нүдээр нийгмийн том асуудал байх боломжтой. Тиймээс нэг талдаа хүн бүрийн үгийг сонсох нь, нөгөө талдаа хүн бүр үгээ хэлж оролцох нь нийгмийн асуудлыг бодитой үнэлж гаргахад их тус болдог” гэж Г.Соёнгуа хэлж байлаа. 

Тэрээр сүүлийн хоёр жилийн хугацаанд Дэлхийн банкны санхүүжилттэй цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийн нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийх ажлаар 5 аймаг, 14 сум, 40 гаруй багт ажиллаж, иргэдийн нийтийн хуралд (ИНХ) оролцож, хэдэн мянган иргэнтэй уулзжээ. Хүн бүр үгээ хэлж, оролцох нь төслийн нөлөөллийг бүрэн хэмжээнд тодорхойлох, амжилттай хэрэгжүүлэх үндэс суурь болдгийг түүний өнгөрсөн хугацаанд ажилласан төслүүд харуулдаг. 

Сумын төвийн ганц аптекийн асуудал 

Дэлхийн Банкны санхүүжилтээр Арвайхээрээс Мандалговь руу чиглэсэн эрчим хүчний  төсөлд Г.Соёнгуа нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх ажлыг хариуцаж  байсан үе. Олон улсын байгууллагууд санхүүжүүлж буй төслүүдийнхээ нийгэмд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөг тодорхойлохын тулд тухайн улсын Засгийн газарт нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх шаардлага тавьдаг. Үнэлгээг хийх явцад олон нийтэд мэдээлэл хүргэх, саналыг сонсох нь хамгийн чухал. Ийм ажлаар Г.Соёнгуа эрчим хүчний трасс байгуулах сумдаар явж иргэдтэй уулзах үеэр нутгийн иргэн сумын төвийн ганц эмийн сангийн талаар ярьжээ. 

“Суманд байдаг ганцхан эмийн сан дуртай цагтаа онгойж, дуртай цагтаа хаадаг. Эмчийн бичиж өгсөн эмээ авахаар морь малаа орхиод, бензин, тосоо зарцуулаад хүрээд ирэхээр хаалттай байх нь олон. Зарим эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй өгөх ёстой ч тэр бүр хэрэгждэггүй” гэх иргэний санал эрсдэлийг тооцоолоход хэрэгтэй мэдээлэл болжээ. Төслийн хүрээнд аваар осол гарах нөхцөлд эм, эмнэлгийн тусламжийн хүртээмжийг анхаарах шаардлагатайг энэ жишээ илтгэнэ. Эмийн сангийн хүртээмжээс гадна сумын хэмжээнд хэдэн эмч, сувилагч ажиллаж байгаа, хэдэн эмнэлгийн машинтай эсэхийг мөн тооцох ёстой. Аваар ослын үед төслийн талбай руу сумын ганц эмч, эмнэлэгийн машиныг дуудсан хойгуур бусад оршин суугчдад үзүүлэх яаралтай тусламж оройтох эрсдэл үүснэ. Энэ мэт эрсдэлүүдийг зөв тодорхойлохын тулд орон нутгийн иргэд өөрсдийн нөхцөл байдлаа идлэрхийлэх зайлшгүй шаардлагатай гэж Г.Соёнгуа хэлж байлаа. 

Мэдээлэл авах эрхээ эдлэх нь олон нийтийн оролцооны нэг алхам

Г.Соёнгуа Өвөрхангайн Сант суманд ажиллах үед тус багийнхан үүрэн сүлжээ байхгүй, иргэд уулын орой дээр гарч утсаар ярьдаг талаар саналаа хэлсэн байна. Эхэндээ энэ нь эрчим хүчний төсөлтэй хамааралгүй мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ, энэ нөхцөл нь орон нутгийн иргэд мэдээлэл авах, гомдол гаргах эрхээ эдлэхэд шууд нөлөөлнө. Төслийн барилгын явцад орон нутгийн иргэд, талбай дээр ажиллаж байгаа ажилтнууд хооронд үл ойлголцол гарах, аливаа зөрчил үүсэх үед мэдээллийн хүртээмжгүй байдал нь асуудлыг хүндрүүлж болзошгүй. Тиймээс иргэдэд мэдээлэл авах, шаардлагатай үед гомдлоо хэрхэн гаргах арга хэрэгслийг урьдчилан тодорхойлж өгөх нь нийгмийн нөлөөллийг бууруулах, төслийг амжилттай хэрэгжүүлэх чухал нөхцөл болдог.  

Төв аймгийн Баян сумын суманд фокус бүлгийн уулзалт хийж буй нь 

Үр нөлөөг хүртэгч нь орон нутагт үр ашгийг хүртэгч нь өөр газар 

Азийн хөгжлийн банк, Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хэрэгжсэн Чойр -Замын Үүд чиглэлийн авто замын төслийн хэрэгжилтийн үед Г.Соёнгуа айлуудаар орж судалгаа хийхдээ “Хогийн цэг байхгүй, жалганд л хаячихдаг” гэх хариултыг олонтаа сонссон байна. “Айлаар орж, цай уунгаа, зовлон жаргалыг нь сонссон хүн эргээд санаа зовоод байдаг. Төслийн нөлөөллийг, ялангуяа барилгын ажлын шатанд үүсэх сөрөг нөлөөллийг орон нутгийн иргэд биеэрээ мэдэрдэг. Харин ашиг шим нь зам ашиглагч, тээврийн компани, суурин газарт байх худалдан авагч гэх мэт бусад оролцогч талуудад илүүтэйгээр очих тохиолдол байдаг. Иймд нийгмийн нөлөөллийн үнэлгээний үндсэн зорилгуудын нэг нь төслийн эерэг үр нөлөөг нутгийн иргэдэд үлдээхболомжийг тодорхойлоход оршдог“ хэмээн тэрээр хэлсэн юм. Жишээ нь, Эрдэнэ сумын иргэдийн санал дээр үндэслэн төслийн гүйцэтгэгч байгууллага орон нутгийн хог хаягдлын менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлжээ.

Бэсрэг наадам – Олон нийтийн оролцоо 

Иргэдийн нийтийн хурал нь орон нутгийн иргэд өөрсдийн асуудлыг хамтдаа хэлэлцэж, шийдвэр гаргахад оролцох боломжийг олгодог, ардчилсан нийгмийн гол тулгуур, оролцоог хангах эрх зүйн орчны үндэс юм. Гэвч олон шалтгааны улмаас оролцоо сул, ирц хангалтгүй байдгийг Г.Соёнгуа өнгөрсөн хугацаанд оролцсон олон хурлаас анзаарчээ. Тиймээс оролцоог нэмэгдүүлэхийн тулд зарим багт бэсрэг наадам зохион байгуулж, олон иргэнийг нэг дор цуглуулан, нийгмийн үйлчилгээ, соёлын үйл ажиллагааг хэлэлцүүлэгтэй хослуулсан нь сайн туршлага болсон байна. 

“Нөлөөлөлд өртөх иргэд өөрсдийн нөхцөл байдлыг хамгийн сайн мэддэг. Тиймээс тэдний дуу хоолойг сонсох нь нийгмийн нөлөөллийн үнэлгээний чанарт шууд нөлөөлдөг” хэмээн Г.Соёнгуаонцлов. Олон нийтийн хэлэлцүүлгийг стандартын дагуу зохион байгуулах сайн жишиг тогтох хүртэл төслийг хэрэгжүүлэгч нар нэлээд хүчин чармайлт гаргах шаардлагатай байгааг ч хэлсэн.

Эрчим хүчний шугам барих төслөөс үүдэх эерэг, сөрөг нөлөөллийг иргэдэд танилцуулж саналыг сонсож буй нь. /Төв аймгийн Баянжаргалан сумын 2-р баг/

Нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгээгүй бол…

Дээр өгүүлсэн эрчим хүч, авто замын төслүүд нь санхүүжүүлэгч байгууллагуудын шаарддаг нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийснээр иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох эрх гээд хүний үндсэн эрх зөрчигдөхөөс сэргийлсэн сайн туршлага юм.   

Үнэлгээ хийгээгүй тохиолдолд төслийн нөлөөлөлд өртөх бүлгүүдийн амьжиргаа доройтох, нүүлгэн шилжүүлэлтийн зохицуулалт дутмаг байх, өндөр настан, нэн ядуу өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг эмзэг бүлгийн хамгаалалт хангагдахгүй байх сөрөг үр дагавар илэрдэг. Нутгийн иргэдийн мэдээлэл авах, гомдол гаргах, шийдвэр гаргах үйл явцад оролцох боломж хаагдаж, төслийн эсрэг эсэргүүцэл нэмэгдэх, хэрэгжилт удаашрах, зогсох, улмаар санхүүгийн хохирол үүсэх эрсдэл бий. 

Нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгээгүй хэрэгжүүлсэн олон төслийн сөрөг үр дагаврыг та бид өнөөдөр өдөр бүр, алхам тутамдаа мэдэрч байна. Сургууль, цэцэрлэгээ тооцоогүй барьсан барилгууд, тэрэгтэй, тэргэнцэртэй иргэд явах боломжгүй орц гарц, амарч зугаалах ногоон байгууламжгүй давчуу хот нь олон нийтийн саналыг сонсоогүй хэрэгжүүлсэн төслөөс үүдэлтэй. Тийм болохоор надаар л дутав гэж орхилгүй, сайхан нийгмийн төлөө саналаа хэлж, гомдлоо гаргаж, оролцоогоо нэмэрлээрэй. Таниар дутдаг юм шүү. 

Post Views: 894

About Author / Nomio Nomin

Previous post
“Ахмад настны эрх”-ийн тухай НҮБ-ын шинэ конвенцын төслийг боловсруулна
Next post
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 32 МЯНГАН ТОНН БАЯЖУУЛСАН КОКСЖИХ ЧАНАРГҮЙ НҮҮРС АРИЛЖЛАА

You Might Also Like

Иргэний боловсрол

Бурхан багшийн их дүйчэн өдөр буюу тавдугаар сарын 23-нд бүх нийтээр амарна

2024-05-16
Иргэний боловсрол

Эмнэлгүүдийн цахим бүртгэлд цаг авах утасны дугаарууд

2024-08-29
Улс төрЦаг үе, үйл явдал

Ардын намын бүлгийн гишүүд Засгаа шүүмжилж болохгүй

2025-03-31
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search