Зарим тохиолдолд мэдрэлийн өвчин үүсгэдэг “WELV” нэртэй вирус Хятадад гарч цааш тархах вий гэсэн айдас хөрш зэргэлдээх улсуудад түгшүүр болоод байна.
“Wetland” вирусийн шинж тэмдэг 2019 онд Өвөрмонголоос Хятадад очсон 61 настай өвчтөнөөс анх илэрч байжээ. Тухайн өвчтөн хачигт хазуулсан байсан бөгөөд хазуулснаас хойш тав хоногийн дараа шинж тэмдэг илэрсэн байна. Энэ талаар Reuters өвчтөнд халуурах, толгой өвдөх, бөөлжих шинж тэмдэг илэрч байсныг мэдээлсэн байна. Тархи, нугасны шингэн дэх лейкоцитийн хэмжээ ихэссэнээс болж нэг өвчтөн комд орсон тохиолдол мөн гарч байсан аж.
Анхны тохиолдлын дараа судлаачид Хятадын хойд хэсэгт нарийн судалгаа хийж, янз бүрийн газраас 14600 хачиг цуглуулсан байна. Тус вирус нь хонь, адуу, гахай болон мэрэгч амьтдаас олджээ.
Эмчилгээний дараа бүх өвчтөн эдгэрсэн ч хулганууд дээр хийсэн лабораторийн туршилтуудаас харвал “WELV” нь үхлийн аюултай халдвар үүсгэж, мэдрэлийн системд нөлөөлж болзошгүй аж. Үхлийн аюултай Wetland вирусээр ӨМӨЗО-ны 17 хүн халдварлаад байгаа аж. Вирусын шинж тэмдэг нь: Халуурах, толгой эргэх, бие сулрах, булчин сулрах, үе мөч нуруу өвдөх зэргээр илрэх аж. Хачгаар дамжиж вирусын халдвар авсаас хойш 7-14 хоногийн туршид ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй бөгөөд нууц үе гэж үзэж байгаа аж.
Хачиг нь хүн, мал амьтны цусыг шимэгчлэн амьдардаг бөгөөд хүний биеийн нимгэн арьстай чийглэг газар буюу суга цавь, хөхний дор, чихний ар, үсэн дотор байрлаж бие рүү гүн шигдэн орж, вирус, нян зэрэг халдвар үүсгэдэг. Хачигт хазуулснаар олон төрлийн хүндрэл үүсэх эрсдэлтэй.
Хоол боловсруулах замаар малын түүхий сүү, мал амьтан, гөрөөсний түүхий цус уухад хачигт халдвар авах боломж байдаг. Ноос ноолуур бэлтгэх, эмийн ургамал, жимс түүх, ой модоор зугаалах, мод бэлтгэх үед хачиг хүний биед шилжин орж, хазахад цусанд вирус орсноор хүн өвчилдөг байна.
Тэгэхээр Wetland вирус нь одоогоор зөвхөн Хятад улсад тархаад байгаа бөгөөд ойрх улсууд руу зөөвөрлөгдөн тархах эрсдэл үүсээд байгааг тус улсын эрүүл мэндийн байгууллагаас анхааруулга гаргасан байлаа