Z-MAN Улс төрийн хураангуй…
-У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Хөвсгөлд амрангаа ажиллаж байна-
Гишүүн Х. Баттулгыг “Эрэн сурвалжилж байна” гэсэн гарчигтай мэдээлэл нэр бүхий цахим хуудсанд нийтлэгджээ. Мөн түүнээс шадар залуус нь ихээхэн дөлөх болсон гэж өгүүлж. Анхдугаар чуулганы дараа АН-ын бүлгийн даргаар “Намайг юм уу, Н. Алтанхуягийг тавьж өгөөч” гэсэн утга бүхий санал дэвшүүлсэн түүнийг АН-ын С.Эрдэнэболд нарын гишүүд илтэд жадлан эсэргүүцээд, Х.Баттулга тэндээс гарснаас хойш ордноор ер бараа нь харагдаагүй, сураг нь Солонгосоор голдуу байгаа мэдээтэй байна. Х.Баттулга гэснээс үе, үеийн Ерөнхийлөгч нар дор дороо л улс төрийн идэвхтэй байцгаах шиг.
Намбарын Энхбаяр МАНАН байгуулж байна, эрс эсэргүүцнэ гээд хүчтэй шүүмжлэл өрнүүлж байсанаа таг боллоо. МАНАН бус бүр МАНХАН болчихлоо гээд бичээд удаж байна. Хүү нь юутай ч дахин сонгогдсон Н.Энхбаяр чимээгүйхэн шиг байх шиг. Л.Оюун-Эрдэнэ нар “вакциндав уу”, яав. Наадмын нээлтээр удаах хүүгээ дагуулан ирэхэд олон нийт даяараа “Одоо энэ хүүг нь амьдралын захад хүргэхэд Монголын ард түмэн зүтгэх нь дээ” гээд баахан шуугисныг мань хашир анзаарсан л байх. Улсын нэг, хоёр гуравдугаар дарга нар улсын нэг, хоёр, гуравдугаар асан дарга нараа саяхан хүлээж авч, улс төрийн төлөв байдал ярьсан байдаг. Энэ арга хэмжээнд Н. Алтанхуяг, Ц.Элбэгдорж хоёроос бусад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байгсад ирсэн бөгөөд үүн дээр анхдугаар Ерөнхийлөгч П.Очирбат мундахгүй ихийг ярьсан юм билээ. Мөн түүнчлэн улс орны эв нэгдэл, хамтралын асуудлаар Д.Дэмбэрэл гуай голчтой үг хэлж, Дашийн Бямбасүрэн Ерөнхий сайдуудыг төлөөлж үг хэлснийг эх сурвалжууд мэдээлсэн. Харин Д.Содном гуай жаахан ундуутай байсан нь, албан ёсоор үг хэлүүлээгүйд гэсэн сураг сонстсон.
Ерөнхийлөгч нараас ирээгүй Цахиагийн Элбэгдорж АНУ-д зочин профессороор ажиллаад байгаа. Түүнийг баалах замаар өрнөсөн УИХ-ын сонгууль дууссанаар эдүгээ тэрбээр чих жаахан амарч байгаа биз. Угаас шартай Ц.Элбэгдорж ноцуулан ноолуулсанааа сануулан, хамтарсан Засагт баахан зөвлөгөө илгээсэн нь оносон л үгнүүд харагдана билээ.
Нацагийн Багабанди дарга намуухан байх шиг байна. Угаасаа ч төв, алсын ноцууртай ухаан заадаг хүн. Эдүгээн Ерөнхийлөгчийг анх эртээ улс төрд оруулан залж, эдүгээ ч хана түшиг болон яваа нь маргаангүй. Төрийн тэргүүний тулх ухаан ямар байхыг одоогийн Ерөнхийлөгчид ихээхэн зөвлөдөг сураг бий. Үе, үеийн Ерөнхийлөгч нарын зөвлөхүүд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байж ирсэн. Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн зөвлөхүүд жаахан залуу, хөнгөн хүмүүс харагдаад байдаг талтай. Гэхдээ У.Хүрэлсүх Ерөнхийлөгч саяхнаас зөвлөхүүдээ сольж, гишүүн болоод явсан нөхдийнхөө оронд шинэ хүмүүс томилсон сурагтай. Өнгөрсөн жилүүдэд нэг ч эмэгтэй зөвлөхгүй явж ирсэн тэрбээр УИХ-ын гишүүн асан Пүрэв-Очирын Анужинг Нийгмийн бодлого, эрүүл мэнд, спортын асуудал эрхэлсэн зөвлөхөөрөө томилсон юм билээ. Ерөнхийлөгчийн анхны эмэгтэй зөвлөх тэрбээр хэдийнэ ажилдаа орж, ордноор харагдаад эхэлсэн талаар дуулдсан. Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа 30 жил хөдөлгөж чадаагүй том хуулийг гардаж батлуулснаараа тэр энэ салбарт хүлээн зөвшөөрөгдсөн. СХД-тээ гарах нь тодорхой байхад Зүүн бүсэд архайсан баахан “хар” нөхөд, ганц эмэгтэй П.Анужинг хөтөлж аваачаад унагаасанд У. Хүрэлсүх Ерөнхийлөгч игзаартаж, албандаа урьж, эдүгээ дэмжин тулсан байх магадтай аж. П. Анужин энэ чиглэлд Ерөнхийлөгчид том дэм болж чадах учраас үүн дээр Ерөнхийлөгч зөв сонголт хийжээ. Эмэгтэй зөвлөхгүй байсан Ерөнхийлөгч маань зөвлөхөө нэг байснаа хоёр болгохоор шийджээ. УИХ-ын гишүүн асан Бадарчийн Жаргалмааг шашны бодлогын зөвлөхөөрөө сонгосон гэнэ. Өнгөрсөн хугацаанд дандаа эрчүүдээр зөвлүүлж ирсэн тэрбээр эмэгтэйчүүд ажил хэрэгч, хариуцлагатай байдгийг санасан бололтой. Уг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмэгтэйчүүдэд тун ивээлтэй улстөрч байсаар ирсэн. Тээр жил, арван хоёр онд эхнэрээ эмчлүүлэхээр явах хэрэгцээтэй болсноо зарлаж, УИХ-ын гишүүнээсээ татгалзснаар Д.Сарангэрэл гишүүн болж, гурван парламент дамжин гишүүн, Засгийн газрууд сэлгэн гурван удаа сайд хийж, үнэмлэхүй улс төрийн амжилт үзүүлснийг түүх харуулна.
Зун, намрын зааг дээр Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Хөвсгөлд амрангаа ажилладаг уламжлалтай. Дагаад албан тушаалтнууд тийш хэсэг гүйлдэж, Монголын улс төр тэнд өрнөдөг болоод удаж буй. Энэ удаад мөн тэгж ажиллангаа амарч байгаа мэдээтэй бөгөөд түүнд шадарлан Г. Занданшатар, Ч.Хүрэлбаатар нар яваа бололтой юм.