Улс төрийн хураангуй…..
Цэвэгдоржийн Туваан Уул уурхай, эрдэс баялгийн сайд хийж байна. Уул эр нь хоосонгүй, хөөрхөн арга зальтай, эвлэмтгий, зөвийн талын байж мэдэх хүнээр ойлгогддог. Гарьдхүүгийн Баярсайханы морийг эмээллэж, ганзагыг зассаар гишүүн болгочихоод л байсан. Менежерийг нь хийгээд. Хэтдээ өөрөө гишүүн болох бэлтгэлээ лужир хангаж байсан хүн юм билээ л. Буруу нь юу байхав. Халтмаагийн Баттулгатай нэг хэсэг дөрөө харшуулж, орлогч сайдыг нь хүртэл Хөдөө аж ахуйн яаманд хийж байв. Мөн тэгснээ, С.Эрдэнэтэй ч бөөр нийлүүлээд л алхсан. Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч ч болж л явсан. Ер нь, нэг тийм, билүүдмэл зан төрхтэй, ая эв олчихдог. Мэндийн Зэнээрхүү ч юм уу гэмээр нөхөр. Зэнээг бодвол жаахан зориг муутай, хулгамтгай, бас ихгүй дүлэгнүүр. Мөн Мэндийн Зэнээг бодвол үг хэл илүү цэгц, муугүй боловсролтой, арга эв хаймтгай ийм нэг хүн. Төв аймгийг дамнуулаад хоёр сонгогдчихлоо. Муу гэхээргүй улстөрч болж төлөвшиж байх шиг байна. Эдүгээ сэнтий эзэлсэн яам нь хариуцлагатай нь дэндсэн газар. Ц.Туваан хичээгээд л байх шиг байна. Алт, зэс, нүүрс гээд Монголын гол экспортоо түшиж цаашлаад илүү боломжуудыг ч эрэлхийлэх хэрэгтэй.
Ц.Туваан эмч мэргэжилтэй л дээ, уг нь. Төв аймагт, тойргоороо явахдаа авгай хүүхэн бие хямарвал илж бариад илааршуулчих ч дүйтэй юм шиг байдаг. Хорхог боодогт ч лут юм билээ. Луглийгээд л орчих бололтой. Ц.Туваан алт , зэс, нүүрсний орлогоо илээд, газрын ховор элемэнт, ер нь бусад уул уурхайн төслүүдээ ч хорхог боодог болгочих бузгай санаатай, бас тэрүүхэндээ ухрахгүй мацаж байх шиг байна. Мухар төмөр замаас үүдэн 18 тэрбум долларын нүүрс зарах боломжоо алдсаан гэж хэлж байгаа нь, Х.Баттулгыг баалж байгаа юм. 18 тэрбумын хар алт зараад, амжилтын боодогны халуун чулуу атгасансан бол доо гэж шимширч суугаад байгаа нь мэдэгдэнэ. Ийм учраас Халзан бүрэгтэйгээс эхлээд хаана хаанаа л анхаараад байгаа нь ажиглагдаад л байна. Ц. Туваанд байгаа тийм нэг илэмтгий, мөн тэгээд чанартайхан боодог бий болгох, амьтан хүнтэй ая тухтай харьцдаг, эвийг нь олохын тулд дүнс ороох, захын дарс хүртэх тийм нэг цөлх болоод холч чанар байх шиг байдаг. Тээр жил, телевизээр Данзаннямын Даваахүүгээр тохой урт хаш гаанс бэлэглүүлээд л, “Болж байгаа юм уу ах аа, яаж байгаа юм…” гэсхийгээд даруу царайлж суугаагийн нь цаана л Ц.Тувааны жинхэнэ бодит мэх, ухаалаг сэтгэлгээ оршиж байгааг ойлгож түвдэх явдалгүй. Энэ бол зөвийн л ухаан. Ц.Туваан ийм нэг ширхэглэг гэмээр ухаан зааж, ажил хэрэгч, аятай зөв тууштай тэмүүллээр урагшлах л хэрэгтэй байна. Уул уурхайн сайд нь үнэн юм бол жаахан ажил хиймээр л байна. Хойш урагш сэтгүүлчид залаад, аминдаа улсын ардын уураг тархийг сэтгэж, сэнхрүүлэх ажил хийж л байгаа бололтойм. Гэхдээ, Ц. Туваан илүү дэлхсэн, үндэстэнд гарцаагүй ойлголт төрөх, ултай, системтэй, бодьтой, цараалаг, ил тод, нээлттэй бодлогын соён гэгээрлийг уул уурхайн салбартаа хийх ёстой. Баянцагаанаас мордож Бүрэн орохоор бодож болохгүй. Өнжүүлээс Хүдэр орж зохион байгуулахаар төлөвлөж болохгүй. Урд айлтай, хойт айлтай ухаан уралдуулж, “царайчилж”, ойлгуулж, хэрсүүлж, эцсийн бүлэгтээ Монголдоо гарцаагүй хэрэгтэй үр дүнгийн хавтгай дээр мэх хийх ёстой юм. Ц. Туваан үүнийг чадахтайгаа л гэж ойлгогдохоор аавын хүү. Бие том, бэлчээр багагүй. Цэвэгдоржийн Туваан уул уурхайд утаа уугиулахгүй, гал гаргана. Гал бол өөдөө л байдаг даа.
Z MAN