Z-MAN Улс төрийн хураангуй…
Гишүүн Ганзоригийн Тэмүүлэн улсыг хоёр төсөвтэй болгож, Төсвийн тогтвортой байдлын тухай байдлыг алдагдуулж байна гэж Хэвлэлийн бага хурал хийв. Улмаар Сангийн сайд Б.Жавхлангийн өмнөөс харж, нэгэнтээх парламентэд Л.Гүндалайн байсан шиг дүр төрхийг үзүүлэн, бүх гишүүдэд Төсвийн тодотголыг Засгийн газар, Сангийн яамыг эгүүлэн татахыг зөвлөж урилав. Энэ нь ч үр дүнгээ өгч, Ардын намын бүлгийн дарга Л.Мөнхбаатар санал бодол, байр сууриа нэгтгэх үндэслэл хэлж, УИХ-ын дарга Д. Амарбаясгалан гурав хоногийн завсарлага өгсөн нь өнөөдрөөр өндөрлөж байгаа юм.
Энэхүү үйл явдлыг ташлуулан хэд хэдэн үндэслэл, шалтгаан олж харж болохоор. Юуны өмнө, Ардын намын дуулгавартай хүмүүжилтэй гишүүд, тэр тусмаа Г.Тэмүүлэн, шинэ тутам байгуулсан Засгийн газрынхаа эсрэг дуугарч байгаа мэтээр ойлгогдохоор байна. Гэвч түүний эсэргүүцэн хэлсэн үндэслэлүүд бодит үндэслэлтэй, үгүйсгэх бололцоог өнөөдүүлд өгөхгүй байгаад нэгэн учир байна. Г.Тэмүүлэнг цахимаар “Эцгийнхээ улсад учруулсан хор хөнөөлийг л бод. Чи хэзээ ийм болов” гэх мэтээр гоочилж байгаагаас үзвэл Г.Тэмүүлэн чухам байгаа олж хатгасан байх талтай. Нөгөөтэйгүүр Г.Тэмүүлэнтэй хүч хавсарсан хүнээр Ардчилсан намын бүлгийн дэд дарга, хатагтай Батбаярын Жаргалан тод харагдаж, өөрөө ч мэдэгдэл, байр суурийн хамтралаа илэрхийлж байна. Энэ өнцгөөс үзвэл Г.Тэмүүлэн, Б.Жаргалан нарын ард нам хавсарсан хэсэг, нам сүлэлдсэн Засгийн газрынхаа алдаатай бодлого, түүнд дөрөөлөн “асаж” байгаа хүмүүс буй юм байна гэж таахаар үзэгдэж байгааг хэн ч гадарлаж байгаа биз.
Энэ Засгийн газрын хамтралыг сайшаахгүй нийгмийн олон хэсэг бий. Ялангуяа Ардын намын ахмадууд хийгээд, шинэ Засгийн хамтралаас хоолгүйдэхвий гэж түгшсэн олон төрийн албан хаагчаас энэ нь үүдэлтэй юм. Ер нь гонсойх, гомдох хүмүүс МАН-д нэн олон болох нь ирж байгаа цагийн өнгөөр улам бүр нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр Болдын Жавхлан энэ мэт зүйлс оруулж, бусдынхаа игзаарыг өдөөх эсэхийг тунгаахтайгаа сайд баймаар. Гэтэл ингээд Г.Тэмүүлэн нарт боорлуулан, өөлүүлэн суугааг хэрхэн харахыг цаг хугацаа харуулна биз.
Тэртээ нэгэн Засгийн үед МАН сөрөг хүчин байхдаа , Н.Алтанхуягийг задгай цагаан хэмээн хочилж, өөлж, Засгийг хоёр төсөвтэй болголоо хэмээн С.Бямбацогт нар шазайтал шүүмжилж асан цаг өнөөдөр хүний өөрийнгүй Л. Оюун-Эрдэнэд “хаягласан” улс төр, цагийн тохиол болж байгааг бүгд л анзаарч байгааг тааж ядах юмгүй. Батлагдаагүй эх сурвалжийн мэдээллээр Засгийн газар эл асуудал болоод байгаа төслөө эгүүлэн татах сураг байгаа нь өнөөдрөөс биелэлээ олж мэдэх.
Б.Энхбаяр, Ч.Лодойсамбуу гэдэг хоёр гишүүн Тендерийн хуулийг үнэгүйдүүлэн, цавчаа зувчааны орон зай болгож байгааг шүүмжилж байгаа нь аргагүй. Б. Энхбаяр Ерөнхий сайдын хуулийн илд байна гэж хэлж байв, хэд гуравхан сарын өмнө. Одоо харин тэрбээр мөнөөх Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдынхаа алдаатай бодлогын “илд” болох дүр төрхтэй болж байгаа нь анзаарагдана. Ийнхүү шинэ тутам байгуулагдаж байгаа Засгийн газар УИХ-ын гишүүд, тэр тусмаа МАН, АН-ын гишүүдийнхээ хавсарсан шүүмжлэл дор гараагаа эхлүүлж, мунгинаж байгаа нь маш тодорхой харагдаж байна. Энэ нь гол нь зарлагач, үрэн таранч, хяналтгүйг төрийг лаахайдан бүтээж байгаагаас үүдэлтэй байна. Энэ үүднээс үзвэл Г.Тэмүүлэн “баатарлах нь” маргаангүй зөв харагдана. УИХ-ын гишүүнээс хэсэг завсарлаад буцаж орж ирсэн Ж.Энхбаяр түүнийг мэдэгдэл хийж байхад, унтаж байгаа байдал үзэгдэнэ билээ. Эсвэл үл тоомсорлож байгаа ч юм уу гэмээр. Хэрэг дээрээ “уурлаж” байсан ч уу, хэн мэдлээ. Г.Тэмүүлэнгийн танхимын голоор босч давхисан асуудал зөвхөн нэг асуудлын зөрүүтэй байдал ч биш байх аа. Удахгүй олон юмны гогцоо тайлагдах биз ээ.