Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь (АДАПТ) төслийн баг Дорнод аймгийн Баянтүмэн, Булган болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Халзан, Түмэнцогт сумдад энэ сарын 4-9-ний өдрүүдэд ажиллаж, АДАПТ төслөөс хэрэгжүүлж буй дасан зохицох арга хэмжээний үр нөлөө, тогтвортой байдлын хэрэгжилттэй газар дээр нь очиж танилцахын зэрэгцээ үр шим хүртэгч малчид, орон нутгийн холбогдох албан хаагчидтай уулзжээ.
Дорнод аймаг, Баянтүмэн сум, Шанагын булаг, 2023
Дорнод аймагт 7 сарын 4 – 5-ны өдрүүдэд ажиллав.
Дорнод аймагт усны хангамж, экосистемийн тэнцвэрт байдлыг дэмжих, малчдын байгуулагууд болох холбоо хоршоодоор дамжуулан хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг даван туулах чадавхийг дэмжихэд АДАПТ төслөөс дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Үүний нэг нь Баянтүмэн сумын Хэрлэн гол дагуух татмын ойн нөхөн сэргээлтийн ажил юм. Нийт 2 га талбайг төслийн хүрээнд 2022 онд хашаалж хамгаалсан бөгөөд нэг жилийн дотор өвсний ургац сайжирч, тариалсан модод нахиалсан үр дүн гарчээ. Мөн тус аймагт 2023 онд нийт 6 булгийн эхийг хашиж хамгаалсан бөгөөд эдгээрийн нэг болох Шанагийн булаг дээр очлоо. Булгийн эхийг хашиж хамгаалснаар булгийн ундарга сэргэж, ойр орчмын малчид, иргэдийн сэтгэлд нийцсэн ажил болжээ.
Дорнод аймаг, Баянтүмэн сум, “Дунгийн салхи” хоршоо
Төслийн нэг томоохон зорилт нь малчдыг уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон, гарал үүсэл тодорхой малын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, энэ талаарх чадавхыг бэхжүүлэхэд чиглэгддэг. Дорнод аймгийн Баянтүмэн сумын 30 гаруй өрхийн малчид хамтран “Дунгийн салхи” хоршоог 2022 онд байгуулсан бөгөөд гишүүдийн 70 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Хоршооны гишүүд цагаан идээ, борц үйлдвэрлэхийн зэрэгцээ цайны газар ажиллуулж өрхийн үйлдвэрлэл, орлогоо нэмэгдүүлэн ажиллаж байна. АДАПТ төслөөс мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд Төр-хувийн хэвшил-малчдын түншлэлийг бий болгох, малчдын байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан борлуулах ажлыг төслийн аймаг бүрд 2 суманд туршиж, шаардлагатай хөрөнгө оруулалт, арга зүйгээр дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд тус хоршоонд төслөөс зах зээлд бараа, бүтээгдэхүүн хадгалах, зах зээлд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлж хөргүүртэй контэнерийг хүлээлгэн өгөөд байна.
Малчдын хэрэгцээ, шаардлагад тулгуурлан багийн түвшинд бага оврын өвс, тэжээлийн агуулах барих ажлын хүрээнд малчид, малчдын бүлэг ашиглах боломжтой бага оврын өвс тэжээлийн агуулахыг 2023 онд Булган суманд барьсан. “Баян эрхтийн бүрд” эмэгтэй ахлагчтай малчдын бүлэг нь өөрсдийн хэрэгцээндээ зориулан ногоон тэжээл тариалан, энэхүү агуулахдаа хадгалан үр шимийг нь хүртэн ашиглаж байна.
З.ЖИН