Сүүлийн үед бага насны хүүхдүүдэд гэдэс өвддөг, гүйлгэдэг өвчлөл их байгаа. Үүнтэй холбоотой Бүжинмед эмнэлгийн их эмч Б.Мөнгөнчөдөртэй цөөн хором ярилцлаа.
– Одоо гадуур гэдэс өвддөг, гүйлгэдэг халдвар их байна.
– Жил бүрийн энэ үед гүйлгэлт суулгалт ихэсдэг. Өвөлдөө ханиад их байгаад, зундаа энтровирусын халдварын суулгалт ихэсдэг. Яг одоо хүүхдийн өвчлөл харьцангуй багассан ч нийт өвчлөлийн ихэнх хувийг гүйлгэлт суулгалт эзэлж байна. Энэ нь ихэвчлэн ротовирусын халдвараас болдог. Арван хүүхэд гүйлгэхэд найм нь ротавирусаас болдог. Энэ вирус нь дулааны улиралд дэгдэж эхэлдэг. Ер нь гүйлгэлтийн олон шалтгаан байдаг. Наршилт, толгой хөдлөх, хурц хоол, хоносон хоол идэхэд гэх мэт олон шалтгаантай гүйлгэдэг. Зуны улиралд аялал зугаалгаар холын замд хүүхдийн гэдэс зайлагдахад ч бас гүйлгэдэг. Мөн антибиотик хэт удаан хэрэглэхэд гүйлгэлт үүсдэг. Гүйлгэлт ийм олон шалтгаан байдаг учраас түүний 80 хувийг нь рота гэж вирус эзэлдэг. Энэ вирусын вакциныг хувийн эмнэлэгүүд хийдэг. Гэхдээ хоёр нас хүртэл хүүхдэд хийдэг. Эцэг эхийн саналаар төлбөртэй хийддэг вакцин. Вакцин хийлгэсэн хүүхэд хүнд өвддөггүй. Ротавирус нь дотроо нэг, хоёр, гурав гээд 17 төрөл бий. Энэ вирусаар нэг хүүхэд 17 удаа өвдөж болно гэсэн үг. Хүүхэд гэхдээ энэ вирусаар тэгж олон өвддөггүй. Зарим нэгийг нь зүгээр өнгөрөөчихдөг. Хүнд өвддөгийнх нь эсрэг л вакцин гарсан гэж ойлгож болно. Үер ус, бохир зүйлс хайлж гэсдэг энэ үед гүйлгэлт суулгалтын халдвар үүсдэг. Дандаа бохир гараар л халддаг. Агаараар дамждаг халдвар бол биш. Хүүхэд гүйж байгаад газар унаад, бохирдсон гараа ам руугаа хийдэг. Бас барьж байгаа зүйлээ амандаа хийгээд байдаг. Тэр үедээ л илүүтэй гүйлгэлт суулгалтаар өвддөг.
– Ханиаданд антибиотек бичиж өгөөд байдаг. Энэ ер нь зөв юмуу? Буруу юмуу?
– Ханиадны вирусынх нь үе өнгөрөөд хүүхдийн уушгинд өөрчлөлт орсон бол антибиотек авах нь зөв. Маш энгийндээ хүндрүүлээд хатгаа болсных нь дараа антибиотек хэрэглэх шаардлагагүй. Хүүхэд нь хүндрэл өгөхөөр уушигтай, хоолойтой, ямар нэгэн байдлаар хүндрэл өгч байгаа тохиолдолд эхэлж байх үед нь антибиотек авчихвал хурдан эдгэнэ гэсэн үг. Зарим тохиолдолд дөнгөж вирусын үе нь эхлээд нус нь гоожиж байхад антибиотек авахгүй байх нь зөв. Вирусын үед ямар ч байсан гурван өдөр халуураад халуун нь намдаад эхэлбэл вирусын эмчилгээ хийгээд намдааж болно. Хэрвээ уушгинд өөрчлөлт орсон байвал антибиотекоор эмчлэхээс өөр аргагүй. Үүнийг эмч үзэж байж л шийднэ гэсэн үг. Харин дур мэдээд антибиотек уух юм бол буруу.
– Дур мэдээд антибиотек өгөх нь ямар сөрөг талтай байдаг вэ?
– Амокциллиныг хүн бүр мэднэ. Энэ эмийг манай эцэг эхчүүд хүүхдүүддээ дур мэдэн чихэр шиг өгөөд байдаг. Уг нь эмчийн заавраар өгөх ёстой. Уухаар хамгийн багадаа тав, долоон хоног ууж өвчнөө эдгэртэл уух ёстой байтал хоёр хоног уугаад, гурван хоног уугаад өвчний шинж тэмдэг нь дарагдаад ирэхээр эмийг нь уулгахаа больдог. Тэгэхээр биед байгаа нянгууд буцаж сэргээд сэдэрдэг. Энэ байдлаар нөгөө нянгууд чинь нөгөө антибиотек нь орж ирэхээр үхэхээ больчихдог. Олон дахин хагас дутуу уусан антибиотекноос болж нянгийн дасал буюу тэр антибиотект үхэхээ болихыг антибиотекийн дасал үүснэ гэж нэрлээд байгаа юм. Хүүхэд эмийг олон дахин ингэж уухаар тэр эм нь үйлчлэхээ болино. Тэгэхээр нөгөө эдгэдэг байсан өвчин эдгэхээ больдог. Тийм учраас эмчийн заавраар л уух ёстой. Эмч өвчнөөс хамаараад тухайн эмийг хэд хоног уухыг шийдэж өгдөг.
– Антибиотекийг яг л цагаар нь уух ёстой байдаг уу. Нэг хоёр цагийн наана цаана уухад яадаг бол?
– Олон антибиотек байдаг. Бүгд өөр өөр цагаар үйлчилдэг. Найман цаг үйлчилдэг эмийг найман цагаар уугаарай гэж бичдэг л гэсэн үг. Ер нь 6 цагийн дараа эм хагас задралд ороод нийт уусан эмнийх нь 50 хувь алга болчихно гэсэн үг. Үлдсэн 50 хувь нь үйлчилгээ үзүүлж байнаа л гэж ойлгож болно. Үлдсэн энэ 50 хувь нь эмчилгээний үйлчилгээ үзүүлэх чадваргүй болдог учраас эмийг яг цаглаар уулгах ёстой.
– Антибиотекоос харшлаад амь нас ч эрсддэг шок байдаг гэж сонслоо. Таарахгүй антибиотек хэрэглэхээр энэ шок болдог юмуу?
– Анафилаксийн шок гэж бий. Ховор тохиолдох ч энэ шок зүйл үүсвэл маш аюултай буюу шууд амь насанд хүрэх түвшний аюултай харшил. Тэгэхээр тухайн тарих гэж байгаа антибиотекийг өмнө нь хийлгэж байгаагүй бол хүүхдэд эхлээд сорил тавих хэрэгтэй. Тэр сорилын үед харшилж байгаа эсэхээс шалтгаалаад харшил бага бол тухайн антибиотекийг тарьдаг. Хүүхдэд өмнө нь ууж байгаагүй антибиотекийг уулгахдаа сорил тавьж байж хэрэглэх ёстой.
– Энэ шок өгвөл газар дээрээ нас бардаг юм уу?
– Хүнд хэлбэрийн шок. Газар дээрээ нас барах аюултай байдаг.
– Зөвхөн антибиотекоос болох уу?
– Олон төрлийн зүйлээс болдог. Кинон дээр ч гардаг. Хоол идэж сууж байгаад харшлын улмаас гэнэт газар унаж ухаан алдах, бүр нас барж байгаагаар кинон дээр дүрсэлдэг. Хүнд хэлбэрийн харшлын энэ шок эм тарианаас гадна хоол хүнс ялангуяа олон төрлийн самарнаас шалтгаалдаг. Зарим хүн манго идэхээрээ нүүр нь хавддаг даа. Тэгэхээр олон дахин давтагдахаар хүний бие мэдрэгшээд дараа нь тухайн харшилтай хүнсээ идэхээрээ улам хүндрээд байдаг.
– Бид нар эм тариаг хэрэглэхдээ маш няхуур байх ёстойг ойлголоо. Та ярилцлагынхаа төгсгөлд ээж, аавуудад захиж хэлэх зүйл байна уу?
– Хүүхдийн гүйлгэлт суулгалт нь шингэн алдалтыг үүсгэдэг. Хүндрэхээрээ хордлогын шинж тэмдэг илрээд нүд нь хонхойдог. Уруул нь омголтдог. Хэлний хөхлөг нь томордог. Арьс нь үрчлээстдэг. Хүүхэд өөрөө нурмайгаад хэвтээд эхэлдэг. Хэрвээ хүүхдэд эдгээр шинж илэрч байвал заавал эмчид хандаарай гэж захья. Эмч үзэж үнэлээд шаардлагатай эмчилгээ бичиж өгнө. Бүр болохгүй бол эмнэлэгт хэвтүүлдэг. Ээж нар маань нэг нэгэндээ энэ эм сайн гээд хэлчихдэг. Нөгөө ээж тухайн эмийг уулгаад байдаг, хүүхэд хүндэрдэг. Цаг алдаад бүр эмнэлэгт хэвтэх, цаашлавал сэхээнд хэвтэх хүртлээ хүндэрчихдэг. Тэгэхээр гүйлгээд суулгаж, бөөлжиж байвал заавал эмчийн заавар зөвлөгөөг авах шаардлагатай шүү гэж хэлье.