УИХ-ын 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор явж байгаатай холбоотойгоор гадаадад амьдардаг монгол иргэдийн сонгуульд оролцох эрхийг хангаж санал авахаар болсон билээ. Гадаадад байгаа иргэд 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх юм.
Тэгвэл гадаадад байгаа иргэдийн саналыг өнөөдрөөс авч эхэллээ. Хилийн чанадад ажиллаж буй Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд 47 салбар комисс байгуулан иргэдийн саналыг авч буй. Санал хураалт дөрөв хоног болох бөгөөд энэ сарын 20, 21, 22, 23-нд явагдана.
Энэ удаагийн сонгуульд гадаадад амьдарч байгаа нийт 13095 хүн саналаа өгөхөөр бүртгүүлсэн. Тэдний хамгийн их нь буюу БНСУ-д амьдарч байгаа 2656 хүн Сөүлд санал өгөхөөр байна. Мөн Австралийн холбооны улсын Канберра хотод 1282, Японы Токио хотод 1177 хүн санал өгөхөөр бүртгүүлжээ. Харин хамгийн бага нь БНХАУ-ын Манжуурт 11, Арабын бүгд найрамдах Египет улсын Каирт 12, Кувейт улсын Эль Кувейт хотод 12 хүн санал өгөхөөр бүртгүүлсэн албаны эх сурвалжууд мэдээлсэн.
Харин хүйсийн хувьд нийт санал өгөхөөр бүртгүүлсэн хүмүүсийн 5339 нь эрэгтэй, 7756 нь эмэгтэй байна. Насны хувьд
- 18-19 насны 687
- 20-24 насны 2415
- 25-29 насны 2190
- 30-34 насны 2080
- 35-39 насны 1921
- 40-44 насны 1172
- 45-49 насны 934
- 50-54 насны 672
- 55-59 насны 457
- 60-64 насны 329
- 65-69 насны 134
- 70 ба түүнээс дээш насны 104 хүн саналаа өгөхөөр бүртгүүлж, иргэний үүргээ биелүүлэхээ мэдэгдсэн байна.