Дэлхийн исламын шашинтнуудын хамгийн том мөргөл болох хаж мөргөл Саудын Арабын ариун Мекка хотод энэ сарын 14-ний өдөр эхэлж, 19-ний өдөр дуусна.
Хаж мөргөлд оролцохоор жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс мөргөлчид Саудын Арабын ариун Мекка хотод цугладаг аж. Гэвч хэт халуун цаг агаар болон хэт олноороо бөөгнөрснөөс жил бүр олон арван хүн амь эрсдэж, гэртээ харьж чадахгүй байх тохиолдол гардаг байна.
Энэ жил хаж мөргөлийн үеэр Мекка хотод агаарын температур цельсийн 47 хэм хүрч халсан байна . Хэт халуунаас болж Йордан улсаас ирсэн 14 хүн нас барж 17 хүн сураггүй алга болжээ. Түүнчлэн Иранд үйл ажиллагаа явуулдаг Улаан загалмайн нийгэмлэг мөргөлд оролцохоор Меккаг зорьсон Иран улсын таван иргэн нас барсныг мэдээлсэн байна.
Йорданы Засгийн газар Саудын Арабын эрх баригчидтай холбоо тогтоож сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажлыг гүйцэтгэж байгаа аж. Мөн нас барсан иргэдийн цогцсыг ар гэрийнхнийх нь саналаар тээвэрлэж гэрт нь буцаах болон оршуулах эсэх дээр шийдвэр гарган ажиллаж байна.
Меккад хаж мөргөлд оролцохоор 1,8 сая мөргөлч цуглаад байна. Гэвч мөргөлийн тав хоногт цаг агаар хэт халсны улмаас зөвхөн ням гарагт л гэхэд 2,760 орчим мөргөлч наршиж, биеийн байдал нь тавгүйтсэн тухай Саудын Арабын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Тиймээс мөргөлчдийг, нэн ялангуяа ахмад настай хүмүүсийг өдрийн хамгийн халуун үе болох 11:00-15:00 цагийн хооронд гадаа гарахгүй байхыг зөвлөж байгаа ажээ.
Меккад жил бүр хаж мөргөлийн үеэр олноороо шахцалдах, мөргөлчдийн түр байрладаг майхан шатаж галд автах, хэт халах зэргээс шалтгаалж олон арван хүн амиа алддаг. Өнгөрсөн жил 10,000 гаруй мөргөлч хэт халуунаас үүдэлтэйгээр өвчилж, 240 хүн нас барсан байна. Харин 2015 онд хэт олноороо шахцалдаж бөөгнөрснөөс болж 2,000 хүн амь үрэгдэжбайжээ.
Share
Tweet
Share
Share