Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт өнгөрсөн нэгдүгээр сард болсон дэлбэрэлтийн улмаас үүдсэн гал түймрийн хохирлын хэмжээ 5.4 тэрбум төгрөг болохыг тогтоожээ.
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байгаа аж. Ажлын хэсгээс гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэмжээг тогтоохоор зургаан төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 60 орчим дүгнэлт гаргуулжээ.
Галын улмаас онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барснаас гадна есөн хүн хөнгөн, хүнд гэмтсэн юм. Мөн 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн. Үүнээс гадна 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон ажээ.