Франц, Испани, Грек зэрэг европын холбооны 13 оронд хортой шумуулны дэгдэлт ихэсжээ. Үүнийг шинжээчид Европт хэт халалт ихэссэнтэй холбон тайлбарлаж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь хүчтэй шумуул тархах таатай нөхцлийг бүрдүүлж байна гэж Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв (ECDC) мэдэгдсэн байна.
Долдугаар сарын сүүлчээр Олимпийн наадам болох Парисын хойд хэсэгт эрх баригчид шавьжийг ихэсгэхгүй байх тал дээр анхаарч байгаа аж. ECDC “Олон улсын аялал жуулчлал нь Европ дахь дэгдэлтийн эрсдэлийг улам нэмэгдүүлнэ” гэж анхаарууллаа.
Шумуул үржих боломжтой цэцэрлэгүүдийг багасгаж, шөнийн цагаар хамгаалах бодис, шумуулын тор хэрэглэхийг иргэдэд зөвлөжээ.
Сүүлийн хорин жилийн хугацаанд шумуул Европт нэмэгдсээр байгаа бөгөөд дэлхийн хамгийн хортой шумуул гэж тооцогддог Азийн бар шумуул “aedes albopictus” нь өмнөд Европ даяар тархаад байгаа аж. Энэ нь Австри, Болгар, Хорват, Франц, Герман, Грек, Унгар, Итали, Мальта, Португал, Румын, Словени, Испани зэрэг улсуудад ажиглагдаж байна.
Африк, Ази, Америкийн зарим хэсгээр бар шумуулууд тархаад буй денге халуурал, чикунгунья, зика вирус зэрэг халдварт өвчний вирусыг тараадаг ажээ. Шар чичрэг болон бусад өвчнийг дамжуулдаг өөр нэг шумуул болох “aedes aegypti” Киприйн газар нутгаар мөн тархжээ.