Харьков мужид Москва хуурай замын шинэ дайралт эхлүүлснээс сарын дараа Украин тус бүс нутгийг хамгаалж чадсан гэж мэдэгдсэн байна. Олон улсын шинэ зэвсгийн тусламж Украинд хүрсний дараа хойд фронтоо амжилттай хамгаалжээ. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж, Украины зүүн хил дагуу дайн өрнөж байна. Орос үхлийн аюултай агаарын тэсрэх бөмбөг ашиглаж Украины зүүн хилийн 1000 км зайнд дайран орсон байна.
Украины аюулгүй байдлын албаны ахлах офицер “CNN” агентлагт хэлэхдээ ” Оросын хилийг давж цохилт өгөх амжилттай явагдаж байна. Дайсны хүчийг сулруулснаар хойд фронтыг хамгаалж чадсан. Одоо алдсан газар нутгаа эргүүлэн авах ажиллагаа явуулах боломжтой боллоо” гэжээ. Украин өмнө нь барууны зэвсгээр Оросын нутаг дэвсгэрийг онилж болохгүй гэх дүрмээс болж өөрсдийн газар нутгаа хамгаалж, дайсны давшилтыг хязгаарлах боломжгүй байсан. Гэхдээ Харьков мужийн нөхцөл байдал дордсоноор барууны түншүүд нь дүрмийг хөнгөвчилсөн аж.
Украины парламентын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, тагнуулын хорооны дэд дарга Ехор Черниев хэлэхдээ, АНУ-ын “HIMARS” систем нь Оросын объектод цохилт өгөх гол зэвсэг болжээ. Улмаар Оросын хүчин “S-300”, “S-400” пуужингийн системийг Харьков мужид хамаагүй бага ашиглаж байгаа аж. Гэхдээ гулсдаг бөмбөг нь асуудал хэвээр байна. Орос Харьковын хойд хэсэгт давшилтаа удаашруулсан боловч эргүүлэн зүүн бүс нутагт дайрах нь олширчээ. Тэд Харьковын хойд хэсэгт орших Хлыбоке тосгоныг эзлэн авахад анхаарлаа хандуулсан. Хэрэв Оросын арми Хылбоке тосгоныг эзлэн авч чадвал, цааш 30 км зайд орших Липци тосгон руу нэвтрэх боломжтой болох юм.
Украин дахь НҮБ-ын Хүний эрхийн хяналтын комисс (HRMMU) тавдугаар сард Украинд амиа алдсан энгийн иргэдийн тоо өмнөх сартай харьцуулахад 31 хувь өссөн гэж мэдээлжээ. Хохирогчдын талаас илүү хувь нь шинэ хойд фронтод болон фронтын шугамын ойролцоох суурин, Харьков хот гэх мэт хүн ам суурьшсан газруудад агаарын бөмбөг, пуужинд өртжээ. Украин цэргийн хүчээ нэмэгдүүлэхийн тулд Донецк, Луганск мужаас дүрвэсэн эрэгтэй хүмүүсийг цэрэгт элсүүлсэн. Тухайн хоёр мужид орос ноёрхлоо тогтоохын тулд давшилтаа нэмэгдүүлсэн юм.
Эх сурвалж: BBC