Ш.Энхийн-Од буюу Майк Шаравжамц NBA-д орох боломжоо эрэлхийлсээр их сургуулиа дахин солилоо. Тэрбээр энэ удаад Сан Франциско Донс багаас Юта Ютес баг руу шилжив.
Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр солилцооны порталд нэрээ байршуулсан бөгөөд хэд хэдэн их сургуулийн баг түүнийг сонирхож байсан юм. Ийнхүү эцэст нь шийдвэрээ гаргаж, Ютагийн их сургуулийн Ютес багийн тоглогч боллоо.
Өнгөрсөн улирал Майк Шаравжамц Сан Францискогийн их сургуульд 7.7 оноо, 3.0 самбар, 2.7 оновчтой дамжуулалт дунджилж, 42.4 хувьтай довтолж, 36.4 хувьтай гурван онооны шидэлтийг гүйцэтгэжээ.
“247Sports”-ийн үзүүлэлтээр Майк 2022 оны драфтын ангийн 93 дугаарт, дөрвөн одтой үнэлэгдсэн билээ. Мөн тэрбээр байрлалдаа үндэсний хэмжээнд 22 дугаарт, Охайо муждаа нэгдүгээр эрэмблэгдсэн.
Майк Шаравжамц оюутан болсноосоо хойш гурав дахь их сургуулийнхаа нүүрийг үзэж байна. Тэрбээр анх Дэйтоны их сургуулиас гараагаа эхлүүлж, дараа нь Сан Францискогийн их сургууль руу шилжиж, одоо Ютагийн их сургуульд ирлээ. Түүнд NCAA-д тоглох хоёр жил үлдсэн.
Юта Ютес баг улирлын амралтаар олон тоглогчийг солилцооны порталаас элсүүлж байна. Тэд одоогийн байдлаар Майкаас гадна Миро Литтл, Калеб Лонер, Мэйсон Мадсен, Эсра Осер, Кеану Дэйвс, Зак Келлер зэрэг зургаан тоглогчийг нэгтгэсэн байна.
Мэргэжилтнүүд ч Майк Шаравжамцыг дасгалжуулагч Крег Смитийн тоглолтын арга барил, хэв маягт зохицно хэмээн үзэж байна.
Ютагийн их сургуульд тэтгэлгээр элсүүлэх боломжтой дахин гурван тоглогчийн эрх үлдсэнээс гадна туслах дасгалжуулагчийн албанд нэг ажлын байр нээлттэй байгаа аж.