Шерпа хөтөчгүй, хүчилтөрөгчийн дэмжлэггүй Эверестийн оргилд гарсан анхны монгол уулчид болох том зорилго, том мөрөөдөлтэй явсан уулчдад маань харамсалтай явдал болж, нэг уулчны цогцос олдоод байна. Угаасаа далайн түвшнээс 8000 м-ийн дээш хэр баргийн хүмүүс гараад байдаггүй. Маш олон жилийн туршлага, тэсвэр тэвчээрийн үр дүнд богино хугацаанд өндрийн дайралт хийж, харин үүнийхээ өмнө доороос нэлээд дасгаж байж гардаг. Монгол уулчид алга болсон мэдээ гарсан цагаас хойш учир мэдэх хүмүүс асуудал хүндэрлээ дээ гэж байсан бол олон нийт маань тэр бүр нөхцөл ямар байдгийг мэдэхгүй учраас сүүгээ өргөж, амьд олдоосой гэж залбирч байсан билээ. Муу мэдээ сонсоогүй байх үедээ бүгд итгэхийг хүсч байсан.
1922 оноос хойш Эверест рүү авирахаар яваад амиа алдсан хүмүүсийн тоо 300 гаруй гэгддэг бөгөөд жилд 4-5 хүн дундажаар амь насаа алддаг гэсэн тооцоо байдаг. Энэ дунд 2015 онд газар хөдлөлтийн улмаас 19 хүн нэг дор амь насаа алдсан эмгэнэлтэй явдал гарч байв. Өндөрт хүчилтөрөгчгүй байтугай хүчилтөрөгчтэй яваад амь насаа алдсан маш олон тохиолдол байдаг бөгөөд тэндээс цогцсыг буулгах гэдэг бараг боломжгүй учраас үүрд тэндээ үлдэх нь бий. Гол шалтгаан нь тэндээс хэн нэгнийг буулгана гэхээсээ өөрсдөө арайхийн амиа тээн буудаг учраас дэлхийн дээвэрт амь насаа алдсан бол үлдэхээс өөр арга байдаггүй. Одоогийн байдлаар 200 гаруй цогцос тэнд байдаг гэсэн судалгаа бий. Зарим эдийн засгийн боломжтой ар гэрийнхэн, улс орон нь хүнийхээ цогцсыг авахаар Балбын уулын компаниудаас үйлчилгээ авах нь бий.