Давсны хэтрүүлсэн хэрэглээ цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчин болон харвалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Давс нь натри, хлор гэсэн химийн хоёр элементээс бүтдэг. Мөн бие махбодын шингэний тэнцвэрийг хангаж, булчингийн үйл ажиллагааг дэмждэг.
Монгол улсад 2019 онд хийгдсэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа”-гаар нийт хүн амын давсны дундаж хэрэглээ 10.5 г байгаа нь 2013 оны судалгааны үр дүнтэй харьцуулахад үндэсний хэмжээнд 0.6 г, Баруун бүсэд 5.1 г, Улаанбаатар хотод 1.2 г -аар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа ч монгол хүний давсны хоногийн хэрэглээ нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2 дахин их хэвээр байна.
Хоногт хэрэглэх давсны зөвшөөрөгдөх дээд хэмжээ:
- 0-12 сартай 0 грамм
- 1-2 настай 1 грамм
- 2-3 настай 2 грамм
- 4-6 настай 3 грамм
- 7-10настай 4 грамм
- 11-ээс дээш настай хүүхэд, насанд хүрэгсэд 5 грамм давс хэрэглэхийг ДЭМБ-аас зөвлөдөг. Гэвч насанд хүрсэн Монгол хүн хоногт зөвшөөрөгдсөн хэмжээнээс хоёр дахин их хэмжээний давс хэрэглэж байна.
Давсыг хэтрүүлэн хэрэглэснээр:
- Цусны даралт ихсэх
- Тархинд цус харвах
- Зүрх судасны өвчин
- Чихрийн шижин
- Хавдар
- Таргалалт
- Ясны сийрэгжилт үүсгэдэг.
Таны хоол хүнс хэр их давстай вэ?
Хүнсний бүтээгдэхүүний шошго дээрх натри “sodium”-н агууламжаар давсны хэмжээг мэдэх боломжтой.
Тухайлбал:
- 120мг sodium=0.3 грамм бол бага,
- 120-600 мг sodium=0.3 грамм бол дунд,
- 600мг sodium =1.5 грамм бол их хэмжээний давс агуулж байна гэж үзнэ.
Давсыг юугаар орлуулж болох вэ?
- Саримс – Саримс нь хоолонд өвөрмөц амт оруулахаас гадна дархлааг дэмжиж, цусны даралт ихсэхээс сэргийлнэ.
- Хар перец – Үрэвслийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлдэг.
- Нимбэг – Нимбэгийн шүүс нь давсыг орлуулах тохиромжтой хүнс бөгөөд C амин дэмийн маш сайн эх үүсвэр болдог.
- Гоньд – Давсыг орлуулж болох энэхүү амтлагч нь исэлдэлтийн эсрэг бодис агуулдаг.
- Улаан перец – Давсны хэрэглээг бууруулахад тустайгаас гадна бодисын солилцоог идэвхжүүлдэг.