Халууны шилэнд агуулагдах бага хэмжээний мөнгөн бөмбөлөг мөнгөн ус нь хэрвээ гадаад орчин ялгарвал хүн ба амьтны эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулдаг байна. Халууны шил хагарахад ялгарсан мөнгөн ус нь агаарт ууршин дэгдэж улмаар газар сайгүй тархаж гол, нуурын усанд орж мөнгөн усны хамгийн хортой хэлбэр болох метил мөнгөн ус болон хувирдаг.
Халууны шил хагарсан эсвэл хагарсан халууны шилийг сайтар цэвэрлээгүй бол мөнгөн усны жижиг дусал цаг хугацааны туршид ууршиж байдаг. Мөнгөн усны уураар амьсгалахад мөнгөн ус биед нэвтрэн орно. Амьсгалаар орсон мөнгөн усны уур нь урдаан хугацааны туршид биед оршиж тархи, нугас, бөөр, элэгийг гэмтээдэг байна.
Мөнгөн ус агуулсан халууны шил хагарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
Мөнгөн ус агуулсан халууны шил хагарсан тохиолдолд цэвэрлэгээ хийхдээ анхаарах зүйлс:
- Мөнгөн усны уураар амьсгалахаас сэргийлж маск зүүнэ.
- Мөнгөн усаар бохирдсон хувцсыг устгах шаардлагатай тул хуучин, муу хувцсаа өмсөх хэрэгтэй.
- Мөнгөн ус нь металлтай амархан нэгдэж урвалд ордог тул гарын хуруу, бугуйн дах үнэт эдлэлээ тайлж тавина.
Хагарсан халууны шилийг цэвэрлэх арга:
- Цэвэрлэгээ хийхийн өмнө хуучин хувцас, резинен бээлий өмсөж, маск зүүнэ.
- Мөнгөн ус асгарсан талбайг чөлөөлөх: Өрөөнд байгаа хүмүүсийг гарган, хаалгыг хаана. Мөнгөн усны уур өрөөгөөр тархахаас сэргийлэн агааржуулч, халаагчийг унтраана.
- Мөнгөн ус асгарсан талбайн бүтцийг тодорхойлох: Модон, хулдаасан, пильтан гадаргуу нь цэвэрлэхэд хялбар байдаг. Харин хивс, даавуу, хөшигний гадаргууг цэвэрлэж болохгүй учир хуулж, өрөөнөөс гаргана.
- Резинен бээлий өмсөнө. Шилний хагархай, үзүүртэй зүйлсийг болгоомжтой цуглуулж цаасан алчуурт боон түгжигддэг гялгар уутанд хийж мөнгөн усаар бохирдсон зүйлс гэж хаяглана.
- Мөнгөн усны дуслуудын байрлалыг тогтоож, цуглуулах: Мөнгөн усны бүх дуслуудын байрлалыг тогтоосны дараа гялгар гадаргуутай хөзрөөр цуглуулна. Мөнгөн усны дусал тархахаас сэргийлж маш зөөлөн хөдөлгөөнөөр болгоомжтэй хамна. Жижиг дуслуудыг гар чийдэнгийн тусламжтайгаар байрлалыг нь тогтооно. Харанхуй өрөөний шал руу бага зэргийн өнцөг гарган гэрлийг тусган харахад шалны гадаргуу дээр мөнгөн усны дусал гялалзаж харагдана. Мөнгөн усны дуслууд нь хатуу гадаргуу дээгүүр их хол зайд тархдаг тул өрөөг бүхэлд нь сайтар шалгах хэрэгтэй.
- Нүдний дусаагуур ба наадаг цаас хэрэглэх: Мөнгөн усны дуслуудыг соруулахын тулд зүүгүй тариур эсвэл нүдний дусаагуур хэрэглэнэ. Соруулсан мөнгөн усыг агаар үл нэвтрүүлэх тагтай, хагардаггүй хуванцар саванд аажмаар хийж сайтар таглан түгжигддэг гялгар уутанд хийнэ. Уутны гадна талд мөнгөн ус агуулсан зүйлс гэж хаяглана.
- Том хэмжээний дуслуудыг зайлуулсны дараа, наадаг цаасаар мөнгөн усны жижиг дуслуудыг цуглуулна. Наадаг цааснуудыг түгжээтэй гялгар уутанд хийнэ. Нунтаг хүхэр эсвэл цайр нь мөнгөн усыг хар өнгөтэй болгох ба энэ нь жижиг дуслуудыг харахад хялбар болгоно. Эдгээр нунтгаар амьсгалахгүй байх хэрэгтэй.
Эцсийн устгал: Цэвэрлэгээнд хэрэглэгдсэн бээлий болон бүх материалуудыг шингэн нэвтэрдэггүй уут, хуванцар саванд хийж, лацдан тодорхой хаяглана. Ус нэвтэрдэггүй уутанд хийсэн мөнгөн усаар бохирдсон зүйлсийг орон нутгийн эмнэлгийн хорт бодис цэвэрлэх үйл ажиллагаа хариуцсан менежерт хүлээлгэн өгч эцсийн устгал хийнэ.
Агааржуулалт хийх: Цэвэрлэгээг хийж дуусгасны дараа өрөөний цонхнуудыг онгойлгон 24 цагийн турш сайтар агааржуулна. Мөнгөн усанд хордсон шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх хэрэгтэй.
Эх сурвалж: НЭМҮТ