НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор дэлхий дахинд хэрэгжиж эхэлсэн “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын 16 дахь зорилгын хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” хоёр дахь удаагийн олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд боллоо.
Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г нээж Улсын Их Хуралын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев нар үг хэллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, дэлхий дахины энх тайвны асуудлыг хөндөх чухал ач холбогдолтой чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж буй болон хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, “Тогтвортой хөгжил, энх тайван хоёр салшгүй холбоотой, нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох боломжгүй” хэмээн “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн Оршилд тунхагласны учир энэхүү 16 дугаар зорилгын хэрэгжилтийг хэлэлцэхээр тусгайлан сонгосныг онцолсон юм.
Тогтвортой хөгжлийн 16 дахь буюу энх тайван, шударга ёсыг цогцлоох зорилгын 10 зорилт, хоёр дэд зорилтууд нь хүний үндсэн эрх, эрх чөлөө, амьдралын орчны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, хүчирхийллээс хамгаалахаас эхлэн дэлхийн засаглалыг сайжруулах хүртэлх өргөн хүрээг хамардаг. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд геополитикийн хурцадмал нөхцөл байдал бий болж, олон улсын харилцааны томоохон сорилт, бэрхшээл тохиолдож байгаагаас дээрх зорилтын хэрэгжилтэд багагүй ухралт гарч буй юм.
Тус чуулга уулзалтын 4-р салбар хуралдаан “Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилтыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудын үүрэг, оролцоо” сэдвийн хүрээнд явагджээ.
Салбар хуралдааны Панелист БНСУ-ын Йонсей их сургуулийн Олон улс судлалын профессор Тэ ЁН Жун:
2010 онд Бан Ги Мүүнтэй хамтран ажиллаж байхдаа ТХЗ-ын талаар анх ярьж байсан. Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилтод хүрэхэд нилээдгүй саад бэрхшээл байсаар байна. Учир нь хүмүүсийн хоорондын харилцааны хүрээнд энэхүү асуудал шийдвэрлэгдэх юм (бусад нь харьцангуй хялбар үзүүлэлтүүд, тодорхой зорилго, зорилгод хүрэх зорилготой) . Энх тайван, шударга ёс нь улс орнуудын хоорондын харилцаанаас хамааралтай учир хүрэхэд ярвигтай юм.
Дараах гурван зүйлийг онцлох шаардлагатай: Манлайлал (Шийдвэр гаргагчдын манлайлал чухал нөлөөтэй, Алтай дамнасан орнуудын хамтын ажиллагааг мөн онцлон тэмдэглэж байна), Соёл (соёл бол үл хэмжихдэх ойлголт юм. Улс орнууд хоорондоо ялгаатай, бүс нутгаараа ч бас ялгаатай байдаг. Жишээ нь Япон Солонгос, Хятад улсууд дээрээс доош бүтэцтэй байдаг. Үүнээс шалтгаалан шат шатандаа зөвшөөрөл авч ажиллах шаардлага гардаг учир хурдан ахиц гаргахад бэрхшээлтэй байдаг. Практик – аливаа зүйлийг хэрэгжүүлэхэд гарах нийгмийн зардлыг багасгахын тулд шилдэг туршлагуудыг хуваалцах явдал юм (зарим улс орны шилдэг туршлагууд нь бусад улсад тийм ч шилдэг гэж тооцогдохгүй байж магадгүй, сурч авсан сургамжийг өөрт тохируулан нутагшуулах шаардлагатай). Маш олон илтгэгчид геополитикийн асуудлаар ярьсан тул би энх-тайваны талаар дурьдахгүй өнгөрье. Сүүлд хэлэхэд одоо үед тогтвортой байдлыг хамгийн чухал гэж тооцож байгаа хэдий ч, дижиталчлалыг үл тоомсорлож болохгүй юм. Ил тод байдлыг хангах, ТХЗ- ын хэрэгжилтийг хангах үндсэн хүчин зүйл учир дижиталчлалыг дэмжих юм.
Салбар хуралдааны панелист Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер:
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг шинжлэх ухаанд суурилж, баримтаар баталгаажсан биелэгдэх боломжтой зорилго гэж харж байна . Бид илүү ихийг хамтдаа хийх хэрэгтэй. Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилтыг 2050 оны алсын хараа, шинэ сэргэлтийн бодлого хүртэлх суурь гэж харж байна. Энэ хүрээнд ч урьдчилсан нөхцөлийг маш сайн бүрдүүлэн ажиллаж байна. Уул уурхай – байгалийн баялгийн салбарт зөрчилдөөний 40% (2019 оны судалгаа) нь байгалийн нөөцөөс үүссэн байдаг.
Мөн Оюу Толгойн тэргүүлэх зорилтуудын нэг бол түншлэл харилцааг сайжруулах явдал юм. Өнгөрсөн жил 1100 оролцогч талууд, 20 иргэний нийгмийн байгууллагуудтай уулзаж,нээлттэй яриа хэлэлцээ өрнүүлсэн. Бид компанидаа хүртээмжтэй ажлын байрыг бий болгохоор ажиллаж байна. Дээрэлхэх, бэлгийн дарамттай холбоотой ноцтой асуудлууд Оюу Толгой дээр өнгөрсөнд гарч байсан ба ОТ ТУЗ – бие биедээ хариуцлага тооцох замаар ажлын хэсэг байгуулж, мэдээллийг илүү сайн нэвтрүүлэх суваг бий болгосноор – мэдээ дамжуулалт 67%-иар өссөн. Мөн санал, хүсэлтүүдийг ч маш нухацтай авч үзсэн.
Бүх түвшинд (эмзэг бүлэг, эмэгтэйчүүд) тэгш, хүртээмжтэй байдал, шийдвэр гаргах эрх мэдэл тэнцүү байх ёстой юм. Бид ч энэ хүрээнд ажиллаж байна. Гэвч энэ хүрээнд нэлээдгүй саад тотгортой тулгарч байна. Нийгэмд эмэгтэй хүний асрахуйн үүрэг хариуцлага байсаар буй учир эмэгтэйчүүдийг ажил, үүргээ эрхлэхэд байгууллага дэмжлэг үзүүлж ажиллах нь чухал юм. Жендэрийн эрх, тэгш байдлыг хангах талаар бид тунхагийн шинжтэй биш бодит ажил хэрэг болгох хэрэгтэй. Оюу толгой компанийн нийт ажилчдын 33% ,манлайлалын түвшинд 40%, бизнест 15% нь эмэгтэйчүүд юм. Бид байгууллагын дотоод бодлогоо жендэрийн мэдрэмжтэй, хүйсийн харьцааг тэгш байлгах хүрээнд алхам хийсээр байна гэсэн юм. Эмэгтэйчүүд ажиллаж буй газар үр ашиг, үр дүн сайтай байдаг. Бид жендэрийн эрх, тэгш байдлыг хангаж чадаагүй цагт юуг ч шинэчлэх, өөрчлөх боломжгүй юм.
Мөн тус хэсгийн үндсэн илтгэгч БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
Боловсролын салбарт хүйсийн тэнцвэртэй байдал алдагдсныг онцолж, 90 хувь нь эмэгтэйчүүд ажилладаг. Оюутнуудын 70 хувь нь эмэгтэй, цаашид эмэгтэйчүүд улс орны хөгжилд голлох үүрэгтэй оролцох хандлагатай байгааг хэлж байв.
Ер нь боловсролын салбарт нэг хүйс давамгайлсан байгаа шиг шийдвэр гаргах түвшинд эсрэгээр эрчүүд хэт давамгайлсан энэ байдлыг өөрчлөхөд улс төрийн намуудын манлайлал чухал билээ. Төлөөлөл хаана алдагдаж байна, тэнд бодлого алдагддаг учраас шийдвэр гаргах түвшинд төлөөлөл хангагдаж, хүйсийн байдал тэнцвэржээд ирэхээр бусад салбарууд ч өөрчлөгдөөд ирэх боломж бий. Нийгмийн бүхий л бүлгүүд хамтдаа хөгжиж, хэнийг ч орхихгүй хамтдаа урагшлах нь чухал гэдэг санааг бүхий л оролцогч нар хэлж байлаа. Бан Ги Муны хэлснээр хэнийг ч ардаа орхих ёсгүй гэдгийг бүхий л оролцогч нар тодотгож байв.