Ээж минь, тэр өдөр “Цагдаад байцаагдаж үздэг л юм байна” гэсээр орж ирэв. Шуудай актлах бичигт дарга нь ээжийг гарын үсгээ зур гээд, “Үгүй, болохгүй” гэж хэлсээр байхад нь “Бүгд зурчихсан байхад та л ганцаараа зуралгүй үлдлээ” гэж шахсаар зуруулж авчээ. Нийгмийн өмчийг хамгаалах журам хатуу, чанга байсан социализмын үеийн явдал. Акталсан шуудайнуудаа хаячихсан байхад нь хүн очиж аваад зарж ашиг олсон хэрэг дэгдэхэд ээж нягтлан бодогчийн хувьд цагдаад дуудагджээ. Миний л мэдэх хамгийн шударга хүн ээж минь бусдын үйлдлийн төлөө буруудаж мэдэх байдалд орж, байцаалт өгсөн тэр үйл явдал надад гүнзгий мэдрэмж төрүүлсэн. Ээжийгээ бас өрөвдсөн шиг байгаа юм. Буруу зөвийг ялгаж чаддаг хүн болохыг хүссэн хүүхэд насны минь мөрөөдөл эндээс эхэлсэн. МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэж, мөрөөдсөн мэргэжлээ эзэмшсэн. Өмгөөлөгчөөр ажилласан 15 жил сайн туршлага болсон.
Амьдралдаа дахин нэг том эргэлт хийх цэг хатгаж, зориглосон үйл явдал 2007 онд тохиолоо. Барилгын бизнест өөрийгөө сорихоор шийдсэн. Хуулийн дагуу эзэмшдэг газарт хувийнхаа мөнгөөр 30-40 айлыг тав тухтай амьдрах орон сууц барих зорилт өвөрлөн эхлүүлээд тооцоолоогүй олон саадтай тулсан. Өмгөөлөгч мэргэжил, туршлагаа ашиглан “баруун солгойгүй” заргалдсаар ялсан л даа. Гэхдээ хуулийн мэдлэггүй хүмүүс ийм нөхцөлд үнэндээ л арга мухарддаг юм байна. Хахууль өгөөд ажлаа урагшлуулах амар замыг сонгодог юм байна гэж бодсоноо нуух юун. Өмгөөлөгчөөр ажиллаж байхад, дараа нь хувийн бизнес эрхэлж эхлэх үед ч ажлыг маань гацааж байсан гол саад бол төрийн хүнд суртал байсан. Хүнд суртал бол бугшсан тогтолцоо, хувь хүний хандлага. Өөрийнхөө зөвд бардаад итгэлтэй яваад байвал ажил бүтэхгүй. Хүнд суртал, хээл хахуулийг нүдээ аньж өнгөрөөж ажлаа бүтээгээд байх хүн би мөн үү? Эцэст нь энэ бүх гацааг илчилж, шийдэх ёстой юм байна гэж эрслэн бодоод улс төр рүү орох шийдвэр гаргасан.
Өмгөөлөгч хүн бусдын зовлонг өөрийн биеэр мэдэрдэг. Өмгөөлүүлж буй хүн ялагдвал өөрөө яллагдаж байгаа юм шиг мэдрэмжтэй үлддэг ажил шүү дээ. Энэ ажлаас шударга ёсыг, асуудлын учрыг би л олох хэрэгтэй юм байна гэдэг итгэл үнэмшил надад төлөвшсөн юм. Хуулийн сургуульд суралцаж байхад багш маань “Та нар шударга ёсыг хамгаалах хүмүүс учраас биеэ авч явахаасаа эхлээд зөв байх ёстой. Үүний тулд хэтэрхий ганган хээнцэр, чамин зүйл хэрэглэхээс ч зайлсхий” гэж заасан. Багш нараасаа “Хуульч бол хамгийн шударга хүн” гэсэн төлөвшлийг өөртөө баримтлал болгосон маань намайг тодорхойлдог болов уу.
Би улс төрийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөн ялалт байгуулж, 2012-2020 оныг хүртэлх хугацаанд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллалаа. Иргэдийн санал хүсэлтийг сонсохоор ихэнх нь шийдчихэж болохоор асуудал байдаг. Шийдье гээд хөөцөлдөөд явахаар хэн нэг дарга дээр, нэг газар очоод мухардана, эсвэл үл тоосон байдалтай нүүр тулгардаг. Түүний төлөө заргалдаад, тэмцэх юм бол төлөөллийн багтаа адлагдана. Иргэдийн төлөөллүүд эцсийн шийдвэр гаргах хүн нь биш учраас заавал засаг захиргааны нэгжтэй холбогдож асуудал шийдвэрлэдэг. Монгол Улсын хууль цоорхой гэдэг нь эндээс тод мэдрэгддэг юм.
Нэг удаа гудамжинд явж байтал бие тавгүйтэж Нэгдүгээр эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг руу оров. Гэтэл өөдөөс “Хүлээж бай” гэсэн. Миний эрүүл мэнд тэр эмчийг хүлээхгүй шүү дээ. Би тэр эмчийн нөхцөл байдлыг гадарлаж л байна. Амсхийх завгүй ачаалал өндөртэй байсан болоод л тэр байх. Уг учиг нь эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, эмч мэргэжилтнүүдэд өгч буй хөдөлмөрийн үнэлэмж, тэдний үүрч буй ачаалалд байгаа нь хэнд ч ойлгомжтой. Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэн монгол хүний амь нас, эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдал. Тиймээс улс төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хэн ч гэсэн нэн түрүүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэхэд анхаарч, харьяалал харгалздаг асуудлыг болиулахаас ажлаа эхэлнэ гэж боддог. Мөн 13-р маягт гэх илүү юм шаарддагийг өөрчлөх ёстой. Хүний амь нас цаг, минутаар хэмжигдэж байдаг учир эмнэлгийн үйлчилгээ хурдан, шуурхай байх нь хамгийн чухал. Хэрвээ эмнэлэг барьж, эмч, мэргэжилтнүүдийг нь сургаж бэлтгээд, тоног төхөөрөмжийг нь бүрдүүлээд өгчихвөл Монголын эмч, сувилагч, асрагч нар шиг чадвартай хүмүүс хаа ч байхгүй. Үр дүнд нь бид эрүүл мэндийн үйлчилгээнд гадагшаа урсаж байгаа мөнгөний урсгалыг зогсоох боломжтой.
Шударга ёсыг хамгаалдаг, хууль дүрмээр зохицуулдаг өмгөөлөгч хүн улс төрд орохоор худлаа байж чаддаггүй юм билээ. Би НИТХ-д найман жил ажиллахдаа эрх мэдлээ ашиглан нэг удаа ч газар, тендер авч байсангүй. Харин ч Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа “Зорчигч тээврийн нэгтгэл” компанийн захирлын албыг давхар гүйцэтгэсэн. Э.Бат-Үүл дарга “Чи л чадна, очиж ажилла” гээд намайг явуулж байсан юм.
“Автобус 1” компанид очиж ажиллахдаа хуримтлагдсан алдагдлыг арилгаж чадсан. Тэгтэл удалгүй Төрийн өмчийн харьяа нийтийн тээврийн гурван компани адилхан нөхцөлд өөр хоорондоо ялгаатай ажиллаж байна гээд гурвууланг нь нэгтгэж намайг даргаар нь томиллоо. Жил болгон 10 тэрбумын алдагдалтай ажилладаг байсан компанийг би ямар ч алдагдалгүй ажиллуулсан юм шүү. Бензин хулгайлдаг, дутуу гараанд явдаг байсныг нь зогсоосон. Бүх хулгайг таслан зогсоосны эцэст миний эсрэг ажил хаялт зарласан. Би буруу зүйл хийгээгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байлаа. Ямар ч үндэслэлгүй, хувийнхаа хандлагаар ажил хаялт зохион байгуулсан нь тогтоогдож тэр үйл явдал шийдэгдсэн. Тэр үед л “шударгаар, гүтгүүлэх эрсдэлээс айхгүй, үнэний талд ажиллаж чадах юм бол ганц хүн ч ганцдахгүй улс орны хэмжээнд яригдах өөрчлөлтийг хийж болдог, хүмүүсийн ажиллах нөхцөлийг сайжруулж болохыг бодитоор харуулж чадлаа” гэж өөртөө хэлсэн. Намайг захирлаар нь ажиллаж байх үед автобус нэгдүгээр эгнээгээр зорчих шийдэл хэрэгжиж, мөнгө хураахгүй картаар үйлчилдэг болсон. Хөдөлмөрийн аюулгүй байдалд илүү сайн анхаарч ажилласан. Нэг хэсэг нөхдийн “хулгай”-г таслан зогсоож, нийт ажилчдын ажиллах нөхцөл сайжирсан.
У.ЧИНЗОРИГ