“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, өргөтгөснөөр нийт талбай найм, суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал долоо, том оврын ачаа тээврийн хэрэгслийнх гурав дахин нэмэгджээ.
Замын-Үүдийн боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол өнөөдөр 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, 24 цагаар ажиллах боломж бүрдлээ. Замын-Үүд боомтын боомилогдсон зангилаа ийнхүү тайлагдаж зорчигч, ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадал тав дахин нэмэгдэж байна.
БНХАУ-ын Засгийн газрын 233.5 сая юанийн буцалтгүй тусламж, улсын төсвийн 30.35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хилийн Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төсөл хэрэгжүүлж, ийн ашиглалтад оруулаад байна. Энэ хүрээнд зорчигч тээврийн хэсэгт шинээр шалган нэвтрүүлэх 9500 ам.метр цогцолбор бүхий барилга байгууламж 30, ачаа тээврийн хэсэгт 28 барилга, инженерийн дэд бүтцийн 2.2 км шугам сүлжээ, цахилгаан хангамжийн 11 км шугам, дэд өртөө, гэрэлтүүлэг, холбоо дохиолол, камержуулалт зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.
Мөн “УХААЛАГ ГАРЦ” систем нэвтрүүлж, хилийн мэргэжлийн хяналтыг гаалийн байгууллагатай нэгтгэж давхардлыг багасгаж, хяналт шалгалтыг хялбарчилсан байна.
Зорчигч, ачаа тээврийн цогцолборыг ирэх дөрөвдүгээр сараас 24 цагаар ажиллуулахтай холбоотойгоор орон тоог нэмж, 340 албан хаагч Замын-Үүд боомтод ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд нийт ачаа эргэлтийн экспортын 22, импортын 49 хувь Замын-Үүд боомтоор нэвтрэн өнгөрдөг. 2019-2023 он хүртэлх хугацаанд нийт импорт 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт, экспорт 2.3 тэрбумаас 3.4 тэрбум ам.долларт хүрч нэмэгдээд байна.