Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг миний аав Т.Санжаа 1992 онд батлалцсан депутатуудын нэг. Тухайн үеийн Ардын их хурал Үндсэн хуулийг 76 хоног өдөр шөнөгүй хэлэлцэж баталсан тэр түүх миний амьдралд аавтай минь хамт маш тодоор дурсагддаг. Улаанбаатар руу яваад нэлээдгүй удсан аавыгаа жигтэйхэн санах ой ухаанд Үндсэн хуулийн түүх тод хадгалдагдан үлдсэн нь тэр. Депутатууд үг хэлж байр сууриа илэрхийлж байгааг зурагтын мэдээгээр харж, тэдэн дундаас аавыгаа олоод харчих гэж мөн ч их үздэг байж. Аавыг дэлгэцээр гарахад бид “Энэ байна, тэр байна” гээд гэрээр дүүрэн бөөн баяр, үг хэлэхэд нь нам гүм чагнацгаана. Тэр үед цахилгаан их тасардаг, аавыгаа харах боломжгүй болоход их харамсана аа, хүүхэд байж дээ. Бараг аавыг ирэн иртэл, 76 хоногийн мэдээ болгоныг алгасалгүй үзсэн санагддаг. Одоо бодох нь ээ, би хүүхэд гэлтгүй тухайн үеийн үйл явцыг бас ч өөрийнхөөрөө хөөрхөн мэдэрч, манай улс цоо шинэ нийгэмд шилжиж байгааг, тэнд нь шударга ёс, эрх чөлөө, хүмүүнлэг ардчилсан үзэл санаа гэдэг зүйлс дэлгэрэн хөгжих юм байна гэдэг ойлголтыг авч байсан юм шиг байгаан. Аавыгаа санасан охинд тэр олон хоногийн мэдээлэл тэгж нөлөөлсөн юм билээ л дээ.
Хожим нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг 2001 онд дүүргэж, ажлынхаа анхны гарааг залуучуудын байгууллагад улс төрийн ажилтнаар орж залуучуудтай хамтран ажиллахаар болсон. Ингэж олон нийтийн байгууллагад ажиллах сонголтод аавын минь ажил амьдралын замналын нөлөө, гэр бүлийн минь олуулаа, нэг нь нийтийнхээ төлөө байдаг өссөн орчин минь нөлөөлсөн байх. Би найман хүүхэдтэй айлын бага охин. Бага нь гээд бусдаасаа эрх танхил өссөн нь үгүй. Манай гэр бүлийнхэн ах нь дүүгээ, дүү нь ахаа хүндэлж, адил тэгш хүмүүжиж төлөвшицгөөсөн шиг санагддаг. Олуулаа бужигнаж өссөн болохоор гэрийн олны нөлөөн дунд өөрийн нөлөөг бий болгоход харин багаасаа суралцсан, олны дунд эвийг хичээдэг, бусдын төлөө байх, гэхдээ зөв, сайн болох тийш чиглүүлдэг зан чанар суусан байх гэж боддог. Ер нь бага зэрэг хошигнож хэлэхэд, багаасаа л “улс төр” хийж эхэлсэн байгаа биз.
Аав маань ажиллаж амьдарсан цаг үеийнхээ баатар байсан гэж би бахархдаг. Говь-Алтай, Ховд аймгийн олон сум, нэгдлийг үүсгэн байгуулах, хөгжүүлэн босгоход аавын маань мэдлэг боловсрол, хөдөлмөр зүтгэл шингэсэн. Тэр үеийнхээ жинхэнэ сэхээтнүүдийн нэг, басхүү аж ахуйн гарамгай удирдагч байлаа. Намайг аавын минь ажиллаж, амьдарч байсан нутаг нутгийн хүмүүс Санжаагийн охин нь гэж сайн мэдэх болжээ. “Чи яг л аав болсон байна даа. Мөн ч нуруутай хүн шүү” гэж хэлэхийг сонсох шиг сайхан зүйл гэж хаа байх вэ. Улам сайн, илүү их хариуцлагатай ажиллах гэж хичээх олон шалтгааны дундаас нэг л онцгой дотно нь энэ байдаг даа.
Ажлын гараагаа эхэлсэн МАСЗХ миний хувьд улс төрийн байгууллага гэхээсээ илүү олон нийтийн байгууллага, залуучуудын байгууллага. Залуу хүний хувьд хөгжих, үзэл бодол, байр сууриа эн тэнцүү илэрхийлэн мэтгэлцэх, хийж бүтээх эрмэлзэл дүүрэн үе тэнгийн залуусын цугладаг газар байв. Надад ч бас энэ хугацаанд өөрийгөө харуулах, сорих, бусдынхаа итгэлийг даах боломж олдсон. Тиймдээ ч намын дэргэдэх залуучуудын байгууллагынхаа анхны эмэгтэй генсекээр сонгогдож ажилласан биз.
Мэргэжлийн зэргээ ахиулахаар АНУ-ын Калифорниагийн Олон улсын их сургуульд мастерын зэргээ хамгаалсан. Суралцах үедээ үндсэн мэргэжлээрээ, эдийн засгийн чиглэлээр ажиллах хүсэл биелэх нь тэр. Ингээд төгсөж ирээд удалгүй “МИАТ” ТӨХК-д Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байлаа.
2016 оноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар томилогдон дөрвөн жил ажилласан нь чухал он жилүүд байв. Эдгээр жилүүдэд Хүүхэд хамгаалал, цалинтай ээж, ахмадын зөвлөх үйлчилгээ, залуучуудыг Австрали улсад нэг жилийн хугацаанд ажиллангаа аялах боломжийг нээх, олон улсын стандартад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвүүдийг 6 аймагт байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах иж бүрэн төвийг анх удаа байгуулж, ашиглалтанд оруулах гэх мэт манай хамт олон салбарын нэн чухал ажлуудыг амжилттай зүтгэн хэрэгжүүлсэн. Эдгээрээс нэг ажлыг онцгойлон хэлмээр байдаг. Энэ нь манай улсын хүн амын 34 хувийг 18-34 насны залуус бүрдүүлдэг гэхээр Монгол Улс яах аргагүй залуучуудын орон. Залуучуудын байгууллагад ажиллаж байх хугацаандаа бид Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа олон мянган залуучуудтай уулзахдаа төр засгаас залууст чиглэсэн нэгдсэн бодлогын дэмжлэг хэрэгтэйг илүү мэдэрсэн. Тийнхүү Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын дэд сайдаар ажиллах эхний нэг жилдээ Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ажиллан 2017 онд УИХ-аар батлуулснаараа бахархдаг. Энэ хуульд анх удаа нийгмийн амьдралын чухал асуудал болох залуу гэр бүлийг ипотекийн зээлд хамруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, залуучуудын хувь хүний хөгжлийг дэмжих, залуучуудын гарааны бизнесийг дэмжих, оюутан цэрэг, оюутныг цагаар ажиллуулах тухай агуулга тусгагдан, хөтөлбөрүүд бий болж эхэлсэн билээ.
Төсвийн шинэтгэлийн тухайд эрс шийдмэг алхмуудыг хэрэгжүүлж буй энэ Засгийн газарт Сангийн дэд сайдаар дөрөв дэх жилдээ ажиллаж байна.
Цар тахлын дараах эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулсан, Хот, хөдөөг сэргээх, боомтыг тэлэх гээд хөгжлийн хараатайгаа уялдсан, бодлогын хувьд нягт төсвийг хэрэгжүүлсэн дөрвөн жил байлаа. Сүүлийн жилүүдэд бидний зүгээс цар тахлын нөлөөллөөр бий болсон төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн уналтыг сэргээхэд чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлж ирлээ. Үүний зэрэгцээ өрийн зөв удирдлагыг хэрэгжүүлж, өрийн ДНБ-д эзлэх хэмжээ буюу өрийн дарамтыг бууруулах нь төсвийн өмнө тулгарсан томоохон сорилт байсан.
Хэрэгжүүлж ирсэн бодлогыг дурдвал, 2021 онд төсвийн алдагдлыг бууруулж, тогтвортой байдлыг хангах, 2022 онд хөдөлмөр, бүтээмж өсөлтийг дэмжих, 2023 онд эдийн засгийн өсөлтийг хангах бодлогыг хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрч чадлаа. Үүнийг дурдахын шалтгаан нь үүнээс өмнө бидний хэрэгжүүлж ирсэн төсвийн бодлого нь орлого, халамж, хөрөнгө оруулалт, өр, тэнцэл гэх мэт төсвийн бүрэлдэхүүний хүрээнд тодорхойлогддог байсныг өөрчилж 2017 оноос эхлэсэн төсвийн шинэчлэлийг шинэ түвшинд гаргасан явдал юм. Үр дүнд нь төсвийг макро эдийн засгийн гол зорилт руу нь чиглүүлж чадсан нь өнөөгийн томоохон үр дүнг бий болгохоос гадна, цаашид төсвийн бодлого зөв чиглэлтэй болох суурийг бий болгож чадсан нь бидний энэ хугацааны хамгийн том ололт юм.
Засгийн газарт тасралтгүй ажиллаж буй найман жилийн хугацаандаа хамгийн чухал хоёр салбарт төрийн бодлогыг хариуцлагатайгаар гүйцэтгэж байна. Хүн ам зүй, хүний нөөцийн бодлогоос төсөв санхүү, хэрхэн зөв хуваарилах бодлогод шилжин ажиллажээ. Эл хоёр бодлогыг л хэрхэн уялдуулснаар улс орнуудын хөгжил тодорхойлогддог. Засгийн газрын хоёр чухал яаманд дараалж дэд сайдаар ажилласан он жилүүдэд бодлогыг нэгтгэж зангидахад юун дээр алдаж ирсэн, бас юуг холбож чадвал юу юунаас илүү чухал гэдгийг илүүтэй ойлгосон. Мэргэшсэн хүмүүс даруу зан гаргалгүйгээр бодлого боловсруулах түвшинд манлайлалтай ажиллаж, өөрийн хувь нэмрээ оруулаасай гэж хүсдэг. Надад ч мэдлэг, туршлага хүрэхгүй гэж хойш суух эрх байхгүй. Хариуцсан ажлаа хамгийн сайнаар хийж, хамгийн зөв зүйтэйд үлгэрлэн өндөр бүтээмжтэй зүтгэх цаг иржээ.
Б.Энхцэцэг