Стратеги судалгааны хүрээлэнгийн “Аюулгүй байдал, стратеги тойм”-ын 2024 оны нэгдүгээр сарын дугаарыг цувралаар хүргэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнгөрсөн 11 дүгээр сард уулзаж, хоёр талын харилцаан дахь ээдрээтэй асуудлаар зөвшилцөхийг зорьсон юм. Гэвч тэдний гол ашиг сонирхол Ази, Номхон далайн бүс нутагт зөрчилдсөн хэвээр байна. Тайваний сонгууль, Өмнөд Хятадын тэнгисийн хурцадмал байдал хоёр улсын ашиг сонирхлын хэмжүүр хэвээр байх болно. Ази, Номхон далайн бүс нутагт нөлөөгөө бэхжүүлэхээр зорьж буй Бээжингийн бодлого тус бүс нутагт цэрэг, стратегийн ноёрхлоо хадгалах гэсэн Вашингтоны үйлдэлтэй огтолцоно. Хоёр улсын харилцаанд Тайванийн асуудал их нөлөөтэй. Арлыг Хятадын эх газартай энх тайвнаар нэгтгэх явдал хамгийн тохиромжтой хувилбар гэж Бээжин үзэж байгаа ч хүч хэрэглэхийг үгүйсгэхгүй. “Нэг Хятад” бодлого бол Тайванийн статусыг энхийн замаар шийдвэрлэх зорилготой гэгддэг. Бодит агуулгаараа Тайванийг Вашингтон шууд хамгаалах эсэх мөн тодорхойгүй ч Тайваньд илүү хүчтэй дэмжлэг үзүүлэхийг санал болгож, зарим зэвсэг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Үүний хариуд Хятад ойрын хугацаанд түрэмгийлэх магадлал багатай ч арлын хамгаалалтыг санамсаргүй, эсвэл санаатайгаар зөрчих хэлбэрээр анхааруулга өгч болзошгүй. Ши Жиньпин “Нэг Хятад” бодлого бүдгэрч, нэгдэх гүүр тасрахыг мэдрэх тусам “хатуу хүч”, дайн руу чиглэх болно.
Салан тусгаарлагч гэж Хятад үздэг Лай Чинь-тэ нэгдүгээр сард Тайваньд болсон сонгуульд ялсан. Шинэ Засгийн газрыг Бээжинд илүү хүндэтгэлтэй хандуулахын тулд Тайпэйд шахалт үзүүлж, арлын эргэн тойронд олон тооны байлдааны хөлөг онгоц, нисэх онгоцыг нэмэгдүүлэх, эсвэл Тайваний гадаад худалдааны эсрэг Бээжин хориг арга хэмжээ авч магадгүй юм. Тайпэй өмнө нь ийм дарамтыг даван туулж байсан билээ. Ж.Байдены засаг захиргаа, сонгуулийн кампанит ажлын үеэр Бээжинг бухимдуулсан мэдэгдэл хийж, тус улсын хууль тогтоогчид “Нэг Хятад” бодлоготой зөрчилдөх хуулийн төслүүдийг хэлэлцэх магадлал бий. Вашингтон, Бээжингийн стратегийн өрсөлдөөн дэлхийн чинээлэг Умард болон байгалийн асар их баялагтай Өмнөд хэсгийн эрх ашгийн сөргөлдөөний сонгодог жишээ болно. Өмнөд нь цөөнгүй бүс нутгийг хамарсан, олон талт төдийгүй өөр өөр улс төрийн дэглэмээс бүрддэг. Гэхдээ даяарчлалын үр дүнд дэлхийн худалдааны урсгал бэхжиж байгаа газарзүйн чухал орон зай юм.
Энэ онд Ши Жиньпин Хятадын эдийн засагт анхаарлаа хандуулж, АНУ-ын худалдааны хязгаарлалтыг зогсоохыг оролдоно. Харин Ж.Байдены засаг захиргаа 2024 оны сонгуулийн өмнө тайван байж, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийх тул талуудын сөргөлдөөн илэрхий хурцдахгүй ч үргэлжлэх нь лавтай. Цаашдаа ч олон улсын харилцааны төлөв байдлыг хэт их гүрний статус квогоо хамгаалах АНУ хийгээд улам бүр хүчирхэгжиж, нөлөөгөө тэлж буй ирээдүйн хүчирхэг гүрэн болох БНХАУ-ын харилцаа тодорхойлж, дэлхийн хүчний туйлын үүргийг гүйцэтгэх чиг хандлага зонхилно. Эрх ашгаа хамгаалах БНХАУ-ын байр суурь түрэмгий шинжтэй болсон бол Бээжинг тогтоон барих стратегиа Вашингтон өргөжүүлэн, түншүүдтэйгээ холбоогоо бэхжүүлэх арга хэмжээ авч байна. Ийнхүү Америк, Хятадын стратегийн өрсөлдөөн шинэ шатанд гарч, цар хүрээ нь илүү өргөжиж, улс төр-дипломат, аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, технологийн салбараар зогсохгүй орон зайн хувьд цахим, сансар огторгуй, Энэтхэг-Номхон далай, Өмнөд Хятадын тэнгисээс эхэлж, даян дэлхийг хамрах болж байна. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Н.Пелоси 2022 онд Бээжингийн эсэргүүцлийг үл ойшоож, Тайваньд айлчилсан явдал талуудын харилцааг улам хурцатгаж, Тайваний эргэн тойронд БНХАУ томоохон хэмжээний цэргийн сургуулилт хийж, талууд харилцан сүртэй мэдэгдэл хийцгээсэн. Харин өнгөрсөн онд Балид болсон “Их 20”-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын Тэргүүн нар биечлэн уулзаж, ажиглагчид хоёр талын харилцаа дулаарах хандлагатай байна хэмээн дүгнэж байв. Гэсэн хэдий ч Хятадын “сэжигтэй” бөмбөлөг Америкийн агаарын орон зайд 2023 оны хоёрдугаар сард нэвтэрснээс үүдэж, БНХАУ-д хийх АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын айлчлал хойшилж, хоёр улсын харилцаа муудаж, цэргийн чиглэлийн
холбоо барих шугам тасрахад хүрсэн.
Үүнээс хойш хоёр улс харилцан бие биеэ буруутгаж, үл итгэлцэл, далд дайсагнал оршсоор байна. Харин 2023 оны 10 дугаар сард АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Олонхын бүлгийн ахлагч Чак Шумер тэргүүтэй конгрессын гишүүд Хятадад айлчилж, тус улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, холбогдох албан тушаалтнуудтай уулзсан. Мөн өнгөрсөн 11 дүгээр сард хоёр улсын Тэргүүн нар АНУ-д болсон АПЕК-ын удирдагчдын уулзалтын үеэр Сан Франциско хотод дөрвөн цаг гаруй уулзаж, иж бүрэн хэлэлцээ хийсэн явдал хоёр улсын харилцааг тодорхой хэмжээгээр наашлуулсан үйл явдал болсон юм. Хоёр тал өрсөлдөн ялах, ялагдах биш, харин хамтдаа хөгжих ёстой хэмээн Бээжин
мэдэгдэж, өрсөлдөөнөөс айхгүй, гагцхүү шударга байх ёстой хэмээн тэд тооцдог. Гэсэн хэдий ч БНХАУ аюулгүй байдлаа улам бүр бэхжүүлэн, эдийн засаг, хиймэл оюун ухаан, сансар болон бусад технологиор АНУ-ыг гүйцэж түрүүлэх, зэвсэгт хүчнээ дэлхийн түвшинд хүргэх зорилт тавьж их хэмжээний хөрөнгө оруулж, байна. АНУ-тай өрсөлдөх явцдаа БНХАУ бусад улстай харилцаагаа хэвийн хэмжээнд хадгалж, эдийн засгийн өсөлтийг үргэлжлүүлэн стратегийн өрсөлдөөнд давуу байдал олж авахаар зорих болно. Энэ хүрээнд АНУ-тай хамтын ажиллагаа сул орнуудад нөлөөгөө тогтооход чиглэсэн бодлогоо үргэлжлүүлэн явуулсаар байх болно.
Хоёр улсын стратегийн өрсөлдөөний үндсэн талбар гарцаагүй Энэтхэг, Номхон далайн бүс нутаг болж байна. Энэ хэсэгт Тайвань, Өмнөд болон Зүүн хятадын тэнгис, Солонгосын хойгийн асуудал хурцадмал хэвээр байгаа. АНУ-ын зүгээс энэ бүс нутаг дахь холбоотны харилцаагаа бэхжүүлж, зэвсэгт хүчнийхээ байрлалыг илүү оновчтой хувилбарт шилжүүлж, Хятадын тэлэлтийг арлуудын гинжин шугамд тогтоох барих бодлогоо үргэлжлүүлсээр байна. Үүнд Дөрвөл (QUAD), Аукус (AUKUS), Япон, БНСУ-тай гурвал, түүнчлэн Филиппин, Тайваний үүрэг оролцоо их болно. Хятадын тухайд, ямар ч тохиолдолд Тайваньд үзүүлж ирсэн цэрэг, эдийн засгийн шахалтаа үргэлжлүүлэх төдийгүй шинэ Ерөнхийлөгч нь албан ёсоор үүрэгт ажилдаа орох ирэх тавдугаар сараас байдал ихээхэн тодорхой болно. Талууд стратегийн өрсөлдөөнөө сөргөлдөөнд хүргэхгүй гэж мэдэгдэж буй хэдий ч эдийн засгийн хувьд алсрах хатуу хүчний мөргөлдөөнд хүрэхгүй гэсэн баталгаа байхгүй. Ойрын ирээдүйд хоёр улсын хооронд худалдаа, технологийн сөргөлдөөн улам бүр нэмэгдсээр байхын зэрэгцээ олон улсад нэр хүнд, нөлөөгөө нэмэгдүүлэх гэсэн талуудын улс төр, дипломатын бодлого өрсөлдөөний гол чиг хандлагыг тодорхойлсоор байх төлөвтэй байна.