Стратеги судалгааны хүрээлэнгийн “Аюулгүй байдал, стратеги тойм”-ын 2024 оны нэгдүгээр сарын дугаарыг цувралаар хүргэж байна.
Орос-Украины зэвсэгт мөргөлдөөн Вашингтонд макро бүсээ тэлэх улс төрийн “хөзөр” болсон ч тулааны талбарын үйл явц Европын ирээдүйн аюулгүй байдлын тогтолцоог тодорхойлох болно. Украины сөрөг довтолгоон буурч, тус улсын арми Киевийн хүсэж байсанчлан дорнод хэсэгт Оросын хамгаалалтыг сэтэлж чадахгүй байна. Украины генералууд зүүн эсвэл хойд зүгээс ирэх Оросын дайралтаас болгоомжилж буй. Өнгөрсөн 2023 оны сүүлээр Авдиевка хотыг эзлэх гэсэн Кремлийн оролдлого ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан явдал Украин хангалттай зэвсэгтэй бол Оросын аливаа давшилтад саад болохыг харууллаа.
Аливаа зэвсэгт мөргөлдөөн цэрэг дайны стратеги, тактикийн зэрэгцээ эдийн засгийн хүчин чадавх, дэмжлэгээс ихээхэн шалтгаалдаг. Тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хадгалахад Киевт Вашингтон, Брюсселийн дэмжлэг нэн шаардлагатай. Тиймээс Киевийн хамгийн их түгшиж буй зүйл бол Өрнөдийн орнуудын дэмжлэг эргэлзээтэй болж буй явдал юм. Оросын дайралт 2022 оны эхээр эхэлснээс хойш АНУ болон ЕХ-ны дэмжлэг Украины батлан хамгаалах асуудалд чухал үүрэг гүйцэтгэж буй. АНУ-ын Конгресс дахь Бүгд найрамдах намын хууль тогтоогчид 2024 онд Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Киевт туслах томоохон тусламжийн багцыг хааж болзошгүй байна. Үүний зэрэгцээ Бүгд найрамдах намаас нэр дэвших магадлалтай, Ерөнхийлөгч асан Д.Трамп Украинд үзүүлж буй тусламжийг шүүмжилсээр байна. Тиймээс сонгуульд Д.Трамп нэр дэвшиж, ялалт байгуулж, Цагаан ордонд буцаж ирвэл дэлхийн Умард хэсэгт гүн гүнзгий хагарал үүсэж, Атлантын далайг дамнасан орон зай ердийнхөөс илүү ашиг сонирхлын харилцааны илрэл болж болзошгүй юм.
Улсын төсвийн гуравны нэгээс илүүг батлан хамгаалахад зарцуулж, Украинд сар бүр цөөнгүй цэргийн албан хаагч амь үрэгдэж байгаа нөхцөлд Оросын нийгмийн санаа бодол өөрчлөгдөж магадгүй юм. Гэхдээ В.Путинд хүч бий. Тэрээр энэ онд болох сонгуульд нэр дэвшиж, ирэх зургаан жил ОХУ-ыг үргэлжлүүлэн удирдана. Олон нийтэд хандсан Кремлийн мэдэгдлүүдийн зорилго “цэргийн тусгай ажиллагаа”-г эхлүүлсэнтэй ижил хэвээр байна. Украины зарим газар нутагт нь хяналт тогтоогоод зогсохгүй Киевийг бууж өгч, хүлцэнгүй болгохыг хүсэж буй. Украиныг дахин нэг бүрхэг өвөл хүлээнэ. Оросын пуужингийн цохилт хотуудын онц чухал дэд бүтэц, дулааныг таслах зорилгыг агуулж болзошгүй. Киевийн зэвсэгт хүчний нөөц багасаж, Украин, өрнөдийн хооронд үл ойлголцол илэрч болзошгүй байна. Ийм нөхцөлд Оростой хийх аливаа хэлэлцээр Украинд төдийлөн ач холбогдолгүй. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трампыг ялуулах
хүсэл Кремльд бий тул Москва ч мөн буулт хийхгүй. Тиймээс Орос, өрнөдийн геополитикийн өрсөлдөөн 2024 онд шийдэгдэхгүй, Украины нутаг дэвсгэр тулааны талбар хэвээр байх болно. Асуудлыг тодорхой авч үзвэл:
- Орос, Украины харилцаа геополитикийн хурцадмал нөхцөл байдалд хүнд, төвөгтэй үеэ туулж байна. Зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж, уламжлалт дайны хэлбэрт хүрээд үндсэндээ хоёр жилийн нүүр үзэж буй. Өрнөж буй хэрэг явдлыг олон улсын өнцгөөс авч үзвэл блок холбоотны харилцаа бүхий их гүрнүүдийн геополитикийн сөргөлдөөний илрэл хэмээн харж болно.
- Украинд 2024 оны гуравдугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болох товтой байсан боловч Оросын түрэмгийллийн улмаас сонгууль явуулах боломжгүй талаар В.Зеленский өнгөрсөн оны 11 дүгээр сард зарласан. Харин Орос дайны нөхцөл байдлыг үл харгалзан сонгууль явуулахаа мэдэгдсэнээр 2030 он хүртэлх В.Путин эрх мэдлээ хадгалж үлдэх магадлалыг нэмэгдүүлж байна.
- О р о с – У к р а и н ы мөргөлдөөн бол жижиг улсын газарзүй, гео-стратегийн онцгой байршил, дэд бүтэц, нөөц баялгийн төлөөх их гүрнүүдийн геополитикийн сөргөлдөөний илрэл юм. Тухайлбал, Украины газарзүйн байршил Өрнөдийнхний хувьд нэн чухал. Энэ улсыг өөрийн эгнээндээ нэгтгэсэн тохиолдолд Оросын газар нутагтай хиллэх НАТО-ийн дэд бүтэц 2.660,6 км-ээр тэлж , Кремлийг тогтоон барих, хянах боломж нэмэгдэнэ. Дэлхийн хамгийн өргөн хэрэглээтэй 120 ашигт малтмалын 117 нь Украинд байдгийн зэрэгцээ газрын тос, байгалийн хий, нүүрс төдийгүй титан, лити зэрэг газрын ховор элементийн арвин нөөцтэй.
- Оросын зэвсэгт хүчин Украины эрчим хүч дэд бүтэц, цэрэг-аж үйлдвэрийн байрлалд пуужингийн гэнэтийн цохилт өгч, энгийн хот суурингийн дэд бүтцийг сулруулах, улмаар их буу, тийрэлтэт артиллерийн тасралтгүй галын дэмжлэг дор гол зангилаа хот тосгодыг нэг, нэгээр эзлэн авч, стратегийн санаачилга авахаар тэмүүлэх болно. Түүнчлэн өрнөдөөс нийлүүлэх үндсэн зэвсэглэл фронтод ирэхээс өмнө амдаж устгах зэргээр украинчуудыг бүх талаар туйлдуулах, залхаах замаар буулгаж авах, хэлэлцээрийн ширээнд суулгах зорилготой байна.
Орос, Польш, Румын, Унгар зэрэг хөрш улстайгаа газар нутгийн маргаантай Украин НАТО-д элсэх боломж хомс. Мөн түүнчлэн Европын Холбоонд элсэхэд шаардлагатай улс төр, нийгмийн олон асуудлыг шийдвэрлэсэн байх шалгуур үзүүлэлтийг авлига, хямралд өртсөн Киев одоогоор хангах бодит боломжгүй. Тиймээс Украин өнөөгийн мөргөлдөөний хөлд улам нэрвэгдэж, эдийн засаг, улс төр, нийгмийн гүнзгий хямралд орж, хэтдээ Оросын макро нөлөөний бүсэд орохоос өөр сонголтгүй болох магадлалтай. ОХУ-ын “Үндэсний аюулгүй байдлын стратеги”2-ийн тавдугаар бүлэгт“гадаадад амьдарч буй эх орон нэгтнүүдийн эрх ашигийг хамгаалах, Орос, Беларусь, Украины ард түмний ах дүүгийн харилцааг бэхжүүлэх замаар хуучин Зөвлөлтийн орон зайд нөлөөгөө тогтоох” хэмээн заасан байдаг. ОХУ-ын стратегийн энэ зорилго Украины мөргөлдөөний төгсгөлөөр хэрэгжиж эхлэх төлөвтэй байна.
Финланд, Швед улс НАТО-д элсэхтэй холбогдуулж, ОХУ-ын зүгээс Москва, Ленинградын цэргийн тойргийг шинээр бий болгож, баруун хойд бүс нутагт нийтдээ 20 гаруй шинэ дивиз дэлгэн байрлуулах төлөвтэй байгаа явдал нэг талаар аюулгүй байдлаа хамгаалж байгаа боловч нөгөө талаар цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэх давхар зорилготой байна. Шинээр байгуулах Москва, Ленинградын цэргийн тойрогт эмхэлж байгуулах арван шинэ дивизийн тав нь их буу, хоёр нь агаарын довтолгоо, гурав нь мотобуудлагын дивиз, бусад тойрогт одоо байгаа бригадуудын суурин дээр дахин долоон мотобуудлагын дивиз, тэнгисийн явган цэргийн таван дивизийг байгуулахаар төлөвлөж байна.
Оросын Агаар сансрын хүчинд дахин гурван агаарын дивиз, нэг сөнөөгч, найман бөмбөгдөгч онгоцны хороо, армийн нисэхийн зургаан бригад байгуулах, хуурай замын болон танкийн арми тус бүрт холимог нисэхийн дивиз, 80-100 байлдааны нисдэг тэрэг бүхий армийн нисэхийн бригад байгуулах төлөвлөгөө 2023 онд гаргасан явдал агаар сансарт ноёрхох номлолоо хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх магадлалтай.
Мөргөлдөөний хувь заяа Орост ашигтайгаар шийдэгдвэл өмнө дурдсан үзэл баримтлалын хүрээнд украин, беларусь, орос зэрэг славян үндэстэнд суурилсан цэрэг-улс төр, эдийн засгийн шинэ холбоо үүсэх, түүнд зөвлөлтийн орон зайн жижиг улсууд нэгдэх үйл явц өрнөх магадлалтай.