2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэ Улс төрийн намын тухай хуулийн талаар таны мэдвэл зохих нэг томоохон өөрчлөлт бий. Улс төрийн намыг сонгуульд санал авсан хувь, хэмжээнд нь үндэслэн төсвөөс санхүүжүүлэх болсон. Өнөөгийн засаглалын хямралын нэг томоохон ”буруутан” болсон намуудыг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэх нь олны эсэргүүцэлтэй тулгараад буй. Олон нийтээс ирдэг нийтлэг асуултуудад улс төр судлаач ийнхүү хариулж байна.
- Улс төрийн нам байх ёстой юу?
Дэлхийн найман тэрбум хүн бүр өөр өөрийн гэсэн ертөнц бүтээгээд түүндээ ганцаараа амьдрах боломжгүй шүү дээ. Улс үндэстэн, хүсэл сонирхол гээд ямар нэгэн нийтлэг зүйлсээрээ хамтарч бүлэг болон амьдарч эхэлсэн буюу хүний нийгэм бий болсон цагаас эхлэн эрх мэдлийн төлөөх тэмцэл эхэлсэн. Энэхүү тэмцлийг бид улс төр гэх ойлголтоор илүү мэднэ. Олон мянган жилийн туршид хэрхэн эв найрамдалтай, аз жаргалтай, зохион байгуулалттай амьдрах вэ гэх асуултад хариулт хайсаар одоогийн нийтлэг улс төрийн тогтолцоог сонгосон нь ардчилал шүү дээ. Ардчилалд та өөрөө эсвэл хэн нэгнээр дамжуулан төр байгуулах үйл хэрэгт оролц гэдэг зарчим л үйлчилдэг. Үүнийг нь Үндсэн хуулиар баталгаажуулж, өөрөө шууд оролцохгүй бол өөрийн үнэт зүйлс, үзэл бодол нийцэж байгаа төлөөллийн байгууллага буюу улс төрийн намаар дамжуулан төр барих үйл хэрэгт оролцох боломжийг олгодог. Тухайн улс төрийн нам нь гишүүн, дэмжигч бүрийнхээ эрх ашиг, хүсэл сонирхлыг нэгтгэж түүнийгээ улс төрийн шийдвэр гаргах үйл явцдаа тусгадаг. Нэг үгээр хэлбэл улс төрийг нэгэн систем гэж үзвэл түүнд оролцогч гол интститут нь улс төрийн нам байдаг. Тэгэхээр энэхүү гол оролцогчоо үгүйсгэвэл бид төр улсаа байгуулж чадахгүйд хүрнэ гэсэн үг юм.
2. Улс төрийн намуудад хариуцлага хүлээлгэх боломжтой юу?
Улс төрийн намын бодлого, шийдвэр, үйл ажиллагаа нийгэмд хохирол учруулахгүй байх нь улс төрийн намын нийгмийн хариуцлага юм. Нам нь өөрийн ашиг сонирхлоос илүүтэйгээр нийгмийн сонирхлыг илэрхийлж, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллан, төрийн бодлогоор дамжуулж нийтийн өмнө хариуцлага хүлээнэ. Хариуцлага тооцох үйл ажиллагааг иргэд эсвэл иргэний нийгмийн байгууллага явуулна. Хамтарч тогтоосон дүрэм журмыг зайлшгүй биелүүлэх болон тэдгээрийг зөрчсөн тохиолдолд шийтгэхэд бэлэн байх явдалд үндэслэсэн бөгөөд, шагнал нь улс төрийн дэмжлэгээр (дэмжиж санал өгөх, сонгуулийн сурталчилгаанд нь оролцох, эерэг ухуулга хийх гэх мэт), шийтгэл нь улс төрийн эс дэмжлэгээр (санал эс өгөх, эсэргүүцэх, сөрөг сурталчилгаа хийх гэх мэт) тус тус илэрдэг (С.Мөнхбат).
Өнгөрсөн хугацаанд сонгогчид улс төрийн намд сонгуулиар дамжуулан тодорхой хэмжээнд хариуцлага хүлээлгэж ирсэн ч тийм хангалттай бус. Дараагийн боломж олгох нам улс төрийн тогоонд өсөж бойжиж чадаагүйн улмаас хариуцлагын тогтолцоо алдагддаг. Улс төрийн нам түүний удирдлага, гишүүд нь өөрсдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, нийгмийн хариуцлагаа ухамсарлах буюу улс төрийн намын төлөвшлийн асуудал ч анхаарал татах болсон. Тэгэхээр бид улс төрийн намын төлөвшлийн асуудлыг намуудад даатгаж үлдээсэн алдаагаа засах цаг болжээ. Нэмээд хууль эрх зүйн орчныг сайжруулах боломжийг ч эрэлхийлэх цаг болжээ. Үүнийг 2023 оны долдугаар сард батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлээр эхлүүлсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намд хариуцлага тооцох механизмийг санхүүжилттэй нь холбосон буюу намыг төрөөс (татвар төлөгчдийн мөнгөөр) санхүүжүүлэх болсон. Ингэснээр намын санхүүжилтийг ил тод болгож, хариуцлагжуулж чадна гэж үзээд байгаа.
3. Улс төрийн намыг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэх нь зөв үү. Буруу юу?
Зөв эсвэл буруу гэх асуултад хариулахад эрт байна. Бид энэ хуулиар хамгийн багадаа хоёр сонгуулийг зохион байгуулж байж үр дүнгийн талаар ярих боломжтой болно. Энэ хуулийн амин сүнс нь сонгогчдын бодит оролцоо, хяналтаар амилах учиртай.
Улс төрийн намд тасралтгүй үйл ажиллагаа явуулах, сонгуульд оролцох, ялалт байгуулахад нэлээдгүй хөрөнгө шаардагддаг. Энэхүү санхүүжилтэд хяналт тавих хууль эрх зүйн орчин байгаагүй буюу бидэнд эрх нь байгаагүй. Намууд дээрх санхүүжилтээ хууль бус аргаар босгож ирснээс болж улс төрийн хүрээний авлигын асуудал хяналтаас гараад удав. Харин шинэ хуулиар улс төрийн намыг төсвөөс санхүүжүүлснээр санхүүгийн тайлангаа ил тод мэдээлэх үүргийг хүлээлгэж байна. Хэрэв үүргээ биелүүлээгүй бол санхүүжилтийг танах, сонгуульд оролцуулахгүй байх гэсэн хариуцлагын тогтолцоог энэ хуульд суулгаж өгсөн. Хууль батлагдах нь нэг хэрэг ч, хэрэгжих нь иргэдийн оролцооноос ихээхэн шалтгаална гэдгийг дахин хэлмээр байна. Таны санал тухайн намыг санхүүжилтийг шийдэх чухал алхам учир сонгуульдаа идэвхтэй, хариуцлагатай оролцоорой гэж уриалмаар байна. Намуудад хариуцлага тооцох чадах хамгийн том хүч иргэд сонгогчдод байна.