Монголчууд тэр тусмаа Улаанбаатарчуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байхад холбогдох төрийн байгууллагууд нь эс үйлдэл хийж байгааг эсэргүүцэж Засгийн газрыг шүүхэд өгч байгаагаа Хүний их эмч, анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг, Анагаах ухааны эрх зүйч, доктор Э.Ганбат нар мэдэгдлээ.
Г.Ууганцэцэг: Эмч хүнийхээ хувьд өнгөрсөн хагас жил гаруйн хугацаанд агаарын бохирдлын талаар судалж, олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түгээж ажиллаа. Олон нийтийн хандлагыг харахад утааны асуудал хүн бүрийн хувьд хамгийн эмзэг, зугтахыг хүсдэг сэдэв болжээ. Яаж ч яриад үр дүнд хүрэхгүй, олон нийтийн итгэл алдарсан энэ зүйлтэй бид хэрхэн үр дүнтэй тэмцэж чадах вэ? Байж болох хамгийн боломжит үр дүнтэй тэмцэх арга бол хуулийн хүрээн дэх тэмцэл юм байна гэдгийг ойлголоо. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үүргийг хүлээсэн Засгийн газрыг дараах үндэслэлүүдээр шүүхэд өгч байна.
-Дэлхийн хамгийн бохирдолтой улсыг Монгол Улс тэргүүлж байгаа талаар олон улсын статистик мэдээллүүдийг та бүхэн харж байгаа, мэдэж байгаа. Гэтэл бид юугаар амьсгалж байгаагаа мэдэхгүй байна. Шахмал түлшний барьцалдуулагч нь ямар ч стандартгүй байна. Ийм түлшийг түлээд гарсан яндангаас ямар бодис агаарт дэгдэж байгааг судалж, үр дүнг олон нийтэд мэдээлэх үүргээ Засгийн газар түүний харьяа байгууллагууд биелүүлээгүй. Угаарын хийн хордлогын мэдээллийг улсын нууцад хамааруулж, олон нийтийн мэдэх эрхийг хангахгүй байгаагаас гадна Агаарын чанарын индексийг мэдээлдэг agаar.mn ийн мэдээлэл нь бодитой бус, дэлхийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс өндөр байна.
– Багаж хэрэгслийн шаардлагагүйгээр хорт утааны хэмжээг бидний бие эрхтэн хэлээд өгдөг. Агаарын хийн хордлогыг цочмог болон архаг гэж ангилдаг. Цочмог хордлогод өртсөн буюу угаартаж нас барсан хүнийг л улс мэдээлдэг. Гэтэл Улаанбаатар хотын нийт иргэд өдөр бүр угаарын архаг хордлогод өртсөөр байгаа. Угаарын хийн хордлогод ямар нэгэн байдлаар өртсөн хүн бүрийн тархины үйл ажиллагаа дахин сэргэхгүй буюу мартамхай болох, тэнэгрэх, сэтгэл гутралд өртөх, стрессд өртөмтгий болох зэрэг хоруу чанартай. Үүнийг угаарын хийн үлдэц гэж нэрлэдэг. Энэхүү угаарын хийн үлдэц, олон нийтийн мэдрэл, сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй байна.
– 2022 онд амьсгалын тогтолцооны өвчнөөр 608,837 хүн өвчилсөн нь нийт өвчлөлийн нэгдүгээрт (17%) байгаа юм. Агаарт буй найрлага нь тодорхой бус утаа нь хамгийн түрүүнд амьсгалын замын тогтолцоог гэмтээдэг. Үүний дараагаар зүрх судас, мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг.
Угаарын хийн хордлогоор нас барсан хүмүүсийн тоог шүүх шинжилгээний статистикаас харвал сүүлийн 7 жилийн хугацаанд (2017-2023) хугацаанд 745 хүн угаарын хийн хордлогод өртөж нас барсан байна. Энэ зөвхөн нас барсан хүний тоон үзүүлэлт. 2023 онд 2,679 иргэн угааны хийн хордлогод өртөж 57 иргэн нас барсан байна. Үлдсэн 2,622 хүн нь ямар нэгэн байдлаар хордлого тайлах, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн гэсэн үг. Угаарын хийн хордлогод өртөж нас барсан болон эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгоогүй.
-Дээр дурдсан бүх насны хүмүүсийн өвчлөлийн амьсгалын тогтолцооны өвчин эзэлж байсан бол хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгааныг ч мөн уг шалтгаан эзэлж байна. Зөвхөн 2023 оны сүүлээр 0-5 насны 961 эндсэн бол 0-1 насны бүлэг буюу нялхсын эндэгдэл 793 бүртгэгдсэн байна. Өөрөөрхэлбэл Монгол Улс 2023 онд 1,754 бяцхан иргэнээ алдсан байна. Эдгээр хүүхдүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгааныг мөн л амьсгалын замын өвчлөл эзэлж байна.
Би зөвхөн нэг жилийн хугацаанд төрийн эс үйлдлийн уршгаар нас барсан бяцхан үрсийн талаар мэдээллийг хүргэлээ. Тэгвэл цэцэрлэг, сургууль эхлэх цагаас эхлэн хавар дуустал ханиаданд дарлуулж, эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгээрээ хохирсон иргэд тэр тусмаа хүүхдүүдийн өмнө хэн хариуцлага хүлээх вэ? Тэдний ирээдүйд учрах эрүүл мэндийн эрсдэлийг хэн хариуцах вэ?
Иймд өнөөдөр би Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлж байна. Утааны улиралд хүүхэд бүр жилд 4-5 удаа ханиад хүрдэг. Нэг удаагийн ханиадны эмчилгээнд нэг хүүхдэд 200-300 мянган төгрөг зарцуулдаг гэх тооцоолол бий. Ингээд харвал ээж аавууд жилдээ 1-1.2 сая төгрөгийг эм, эмчилгээнд зарцуулдаг.
Иймд Монголын бүх 0-5 насны хүүхдэд эмчилгээний мөнгөн дүнтэй дүйцэхүйц нөхөн олговор олгохыг шаардаж байна. 2022 оны байдлаар манай улсад 0-5 насны 366 мянга орчим хүүхэд амьдарч байна. Энэ бүх хүүхдэд дээрх нөхөн олговрыг олголоо гэж тооцоход 440 тэрбум орчим төгрөг байна. Нүүрсний хулгайн 40 их наядаас 100 дахин бага мөнгө шүү дээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд утааг бууруулахад төр засаг НЭГ ИХ НАЯД төгрөгийг зарцуулсан. Гэвч дорвитой үр дүнд хүрээгүй, энэ асуудлаар хэн ч хариуцлага хүлээгээгүй, үр дүнтэй бодлого, шийдвэр гаргаж ажиллагаагүй холбогдох төрийн байгууллагуудад хариуцлага тооцож, хохирлыг барагдуулахыг шаардаж байна.
Тиймээс Монгол Улсын хууль тогтоомж, Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үе үеийн Засгийн газар энэ асуудалд хариуцлага хүлээх ёстой гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.
Монгол Улсын хууль тогтоомж, Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үе үеийн Засгийн газар энэ асуудалд хариуцлага хүлээх ёстой гэв.
Дээрх шаардлага, шүүхэд хандаж буй асуудлууд нь хууль зүйн ямар үндэслэлтэй талаар Анагаах ухааны эрх зүйч, доктор Э.Ганбат дараах тайлбарыг өглөө.
Хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжуудын хэрэгжилт бодит амьдрал дээр байгааг хангагдахгүй бид бүгд мэднэ. Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуульд “Хүүхдэд эрүүл аюулгүй, орчин бүрдүүлэхэд иргэн бүр санаачилга гаргах, дэмжих үүрэгтэй” гэж хуульчилсан байдаг. Энэхүү заалтын хүрээнд Анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг 0-5 насны хүүхдийн амьсгалын замын өөрчлөлт, түүнд нөлөөлж байгаа агаарын бохирдлын асуудлын талаар судлаад төрөөс тодорхой нөхөн олговор олгохыг шаардаж байгаа юм.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 2-р бүлгийн 16-р зүйлд “Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан байдаг. Хэрэгжилт хангалтгүй байна. Хүний эрхийг хангах, эдийн засаг, нийгэм хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүрэг нь төрд бий.
Нийгмийн баталгаа хангах, хүний эрхийн зөрчилтэй тэмцэнэ гэдгийг эрүү шүүлтийн тухай асуудал гэж ойлгоод байдаг. Гэтэл агаарын бохирдол, стандартгүй түлш гээд энэ бүх зүйл маань бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчиж байна. Энэ мэт хүний эрхийн зөрчилтэй тэмцэх үүргийг төр хүлээдэг гэсэн үг.
Иймд хуульд заасан үүргээ биелүүлж, ажлаа хийхгүй байгаа холбогдох төрийн байгууллагуудын асуудлыг Анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг Монгол Улсын иргэний хувьд хөндөж шүүхэд хандаж байгаа нь хууль эрх зүйн хувьд үндэслэлтэйг өмгөөлөгч Э.Ганбат мэдэгдлээ.